Оросын бөөн бөөн супер уран гулгагч бүсгүйчүүдийг эс тооцвол ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдэгт зүй ёсоор тооцогдох Японы Р.Кихира улсынхаа аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр боллоо. Ингэснээр тэрбээр Бээжингийн олимпын наадамд оролцохгүй гэдэг нь бараг 100 хувь баттай болж ирэв. Энэ нь Оросын тамирчдын хувьд медалийн тавцанг эзэгнэх бүрэн боломжийг олгож байна гэсэн үг юм.
Ердөө гурван жилийн өмнөх өвөл бүх тэмцээнд ээлж дараалан түрүүлж, дэлхийн дээд амжилтуудыг тогтоож байсан Р.Кихира яагаад олимпын наадамд бэлтгэж чадсангүй вэ.
“Yahoo Japan” сайтын мэдээлснээр Р.Кихира шагайны гэмтлийн улмаас Японы АШТ-ийг өнжиж байгаа аж. Улсынхаа сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй түүнд олимпод өрсөлдөх эрхийг тусгайлан олгохгүй нь тодорхой хэмээн “Киодо ньюс” мэдээлсэн байна. Тэгээд ч түүний гэмтэл олимпын наадмын өмнө бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа үгүй учир Японы шигшээ багийн удирдлага ч эрсдэлтэй шийдвэр гаргахгүй биз ээ.Р
.Кихира өнгөрсөн зун шагайгаа гэмтээснээр энэ улирлын нэг ч тэмцээнд оролцоогүй юм. Тэрбээр ес, аравдугаар сард болсон “чэлленжер” тэмцээн болон Канад, Японд зохион байгуулсан гран при цувралд ч оролцоогүй. Японы АШТ бол түүний үзүүлбэрийг харах энэ жилийн сүүлийн боломж байсан ч тэрбээр мөсөн талбайдаа эргэн ирж амжсангүй.
Бэлтгэсэн Н.Энх