Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын иогчдын холбоо, Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран маргааш “Иогтой өдөр”-ийг зохион байгуулах гэнэ. Хэдийгээр Олон улсын иогийн өдөр нь өнөөдөр ч уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүн олон байгаа тул тэдэнд зориулан ийнхүү амралтын өдрөөр зохион байгуулж буй аж. Энэхүү үйл ажиллагаагаар нарны мөргөл, амьсгалын дасгал болон хүүхэд, ахмадуудад иог заахаар төлөвлөсөн байна. Иогийг Монголын болон Энэтхэг улсын багш нар удирдан явуулах гэнэ.
Уг үйл ажиллагаа нь Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдүгээр давхарт 08.30-12.00 цагт болох аж. Иогоор хичээллэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, сэтгэл санааг тайвшруулах, анхаарал төвлөрөх чадвар сайжрах зэрэг олон талын ач тустай юм байна.
Бэлтгэсэн А.Үүл