ЦХХХЯ-наас “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж ажиллаж байгаад жил бүр үнэлгээ хийдэг. Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр улиралд нийслэл болон орон нутгийн 600 гаруй төрийн байгууллагуудыг нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 98 хувьтай үнэлэгдэж, ТОП-10 байгууллагын 1 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, ЭМДҮЗ-ийн тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаал, шийдвэр, ЭМД-ын сангын орлого, зарлага, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт зэрэг хуульд заасан 100 гаруй төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байршуулжээ. Улмаар даатгуулагч иргэн, Эрүүл мэндийн байгууллагуудыг тогтмол шуурхай мэдээллээр ханган ажиллаж байгаагаа тэд онцлов.