Хоол хүнс бол тухайн улс үндэстний соёлыг илэрхийлэх томоохон хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч уламжлал, соёлтой нь салшгүй холбоотой. Зарим улс орны хувьд гудамжны хоол нь нэрийн хуудас болтлоо хөгжсөн нь ч бий. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт Азийн оронд энэ соёл нийтлэг ажиглагддаг. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэхийг хичээж буй. Уламжлалт хоол болох хуушуур, буузнаас эхлэн бусад орны үдэн, жантай гоймон зэргийг ч манай үйлчилгээ эрхлэгчид хийж, иргэддээ хүргэж, дэлхийд гудамжны хоолны соёлыг түгээсээр багагүй хугацаа үджээ. Өдгөө хүрээгээ улам л тэлж, хаа нэг харагддаг байсан өнгө өнгийн бүхээгтэй түргэн хоолны машинуудаар нийслэлийг чимэх болсон. Street food буюу гудамжны хоолны соёл Монголд нутагшихад юу саад болж буй болон иргэд үүнийг хэрхэн хүлээж авч буйг сурвалжиллаа.
ХАМГИЙН ХЯМД ХООЛ 2500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Гудамжны хоол нь урин дулаан цаг айлчлахад залуусын хүсэн хүлээж, тогтмол үйлчлүүлдэг зүйлсийн нэгт зүй ёсоор багтана. Тэр ч утгаараа хүртээмжтэйн дээр эрүүл ахуйн стандарт хангасан байх шаардлагатай. Манайд анхандаа хоолны бүхээгүүд Улсын их дэлгүүрийн зүүн талд, Б.Цэрэндоржийн гудамж орчмоор л харагддаг байсан. Харин өдгөө автобусны буудал бүрд байрлаж байна уу гэлтэй. Одоогоор нийслэлийн төв хэсэг, Улсын их дэлгүүр, Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын дэргэд, Үндэсний номын сангийн урд байрлаж буй. Худалдаж байгаа бүтээгдэхүүнээсээ хамаарч ойролцоогоор 2500-15 000 төгрөгийн үнэтэй. Хамгийн хямд хоол нь 2500 төгрөгийн үдэн. Харин хамгийн үнэтэй нь 15 000 төгрөгийн үнэтэй чихэрлэг соустай тахиа байлаа.
Иргэд “Дэлхийн аль ч орон өөрсдийн соёл, уламжлалыг шингээсэн хоолтой. Манайд ч энэ жишиг тогтож буйд талархууштай. Нэг үеэ бодвол эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангаж, харьцангуй цэвэрхэн орчинд ажиллан, үйлчилгээ нь ч сайжирсан санагдсан. Сүүлийн үед байнга үйлчлүүлж байгаа. Хоолны нэр төрөл ч олширсон байна лээ” гэх зэргээр ам сайтай байх аж.
АЖИЛЛАХААСАА АЖИЛЛАХГҮЙ НЬ ИХ ГЭВ
УДЭТ-ын 10 гаруй бүхээгтэй тэрэг бий. Тэдгээрт кимбаб, үдэн, жантай гоймон, тако, хуушуураас эхлээд ус, ундаа, кофе борлуулдаг аж. Үйлчилгээ эрхлэгчид тус бүрдээ өөрсдийн онцлогийг шингээсэн хоолнуудтай. Биднийг очих үед гурав нь л нээлттэй байлаа. Тухайлбал, театрын зүүн талд байх хамгийн эхний машин “Хуушуур, пицца” гэх том шаргал хаягтай. Эднийх зөвхөн хуушуур, пицца л хийдэг. Эдгээрээс гадна иргэдэд уух зүйлсээр үйлчилдэг гэнэ. Энд ажиллаад 20 гаруй хонож буйгаа үйлчилгээ эрхлэгч нь хэлсэн. Өдөрт ойролцоогоор 30-40 хүн тогтмол үйлчлүүлдэг аж. Ихэвчлэн цайны буюу 12.00-14.00 цагийн үед хүмүүс бужигнадаг. Бас театрт тоглолттой үед үйлчлүүлэгчид харьцангуй ихэсдэгийг онцолсон.
“Манайхаар ихэвчлэн 20-35 насныхан үйлчлүүлдэг. Бид үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө Сүхбаатар дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс авсан. Хэдийгээр цахимаар зөвшөөрөл өгдөг болсон ч илүү ажил удаж байна. Арай гэж зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа явуулахаар болсон ч хүндрэлтэй зүйлтэй их тулгарч байгаа. Жишээ нь, энд зарим үед огт хүн ирдэггүй. Театрт тоглолтгүй л бол бараг хүнгүй. Бидний зарж буй зүйлс тийм ч үнэтэй биш. Ойролцоогоор 2500 төгрөгөөс эхэлж байна. Тиймээс өдөрт 30 хүн үйлчлүүллээ гэхэд 100 гаруй мянгыг л олно. Мөн цахилгаан холбож өгөөгүй. Тиймээс үргэлж хий ашиглаж байна. Хийн баллоноо дүүргэхэд долоо хоногт 200 орчим мянган төгрөг зарцуулдаг. Анх биднийг ирэхэд тун удахгүй цахилгааныг нь холбоно гэсэн. Гэтэл одоог хүртэл сураг чимээгүй байна.
Иргэд халуун өдрүүдэд хүйтэн зүйлс уух сонирхолтой. Тийм учраас бид мотор ашиглаж хөргөгчөө ажиллуулдаг. Эдгээрээс гадна бие засах газар байхгүй. Тиймээс ганцаараа ажиллаж байвал машинаа түгжээд, ойр байрлах театр, аль эсвэл “Irish” зоогийн газрын ариун цэврийн өрөөг ашигладаг” гэж үйлчилгээ эрхлэгч хэлсэн юм.
Иргэдэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь өгсөн ч цахилгааныг нь холболгүй сар гаруй болжээ. Тиймээс үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн боломжоор цахилгааны үүсгэвэр ашигладаг юм байна. Арай гэж зөвшөөрлөө авч, үйлчилгээ эрхлэхээр болсон хүмүүсийн хувьд энэ нь хамгийн хүндрэлтэй байгааг тэд онцлов. Цахилгаангүйн улмаас тэд утас, карт уншигч төхөөрөмжөө цэнэглэж чадахгүйд хүрдэг. Мөн бие засах газаргүй учир хүн ихтэй үед орлого олохоо бодож тэвчихээс өөр аргагүй гэнэ.
ДАРГАА ДАГАЖ “ОГЦОРСОН” ШИЙДВЭР
Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өнгөрсөн онд хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх нөхцөл бүрдүүлж байв. Харин энэ шийдвэр даргаа дагаад “огцорчихжээ”. Дарга солигдоход хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа, тушаал, шийдвэр нь дагаад сарничихдаг жишиг манайд тогтсон. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй, нийслэлд жуулчдыг татах, дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхахад тухайн улс үндэстнийг сурталчилсан хоолны соёл ихээхэн нөлөөлнө. Гэтэл манайд үүнийг хөгжүүлэх дорвитой шийдэл ололгүй, үйлчилгээ эрхлэгчдээ хясан боогдуулсаар л байна. Угтаа бол тэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд түргэн хоолны үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байсан. Гэтэл тэднийг заавал зөвшөөрөл ав гээд ажиллуулаагүй. Үүний тулд харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлтээ цахимаар өгч, зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Ингээд ulaanbaatar.mn цахим хуудсанд шаардлагатай зураг, мэдээллээ оруулаад зөвшөөрөл авахаар болж. Гэвч энэ нь цахим нэрдээ таарсан хялбар сонголт байсангүй. Аз таарвал сайт нь ажиллаж, зөвшөөрлөө авч чадна. Гэвч ихэнх тохиолдолд зөвшөөрөл авах гэхэд “Үйлчилгээ идэвхгүй байгаа тул хүсэлт гаргах боломжгүй” хэмээсэн хариу өгчээ.
Сүхбаатар дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалангаас уг үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Энэ зун түр үйлчилгээ эрхлэхээр 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 60 байршилд үйлчилгээ явуулах шийдвэр гаргасан. Гэрээ байгуулж, үйлчилгээ эхлэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон хүнсний чанар стандартын улсын байцаагч нараас заавар, зөвлөгөө авдаг. Цахилгаагүй байгаа талаар бид сайн мэдэхгүй” гэлээ.
АРГАГҮЙН ЭРХЭД МОТОР АШИГЛАЖ УС, УНДААГАА ХӨРГӨЖ БАЙНА
УДЭТ-ын урд байрлах шаргал хаягтай, жижигхэн бүхээгтэй машинаас тако авч болно. Гадаа 30 градусын халуун байхад тэдний сууж буй бүхээгт агаарын температур хоёр дахин нэмэгдчихэв үү гэмээр бүгчим аж. 40 эргэм насны хоёр эмэгтэй зай хураагуураар ажилладаг жижигхэн сэнсээ гартаа барьж, үйлчлүүлэгчдийнхээ захиалсан хоолыг аль болох хурдан бэлтгэхийг хичээнэ. Тэд “Манайх энд тавдугаар сараас хойш ажиллаж байна. Гэхдээ ажиллахгүй нь их. Угтаа бол бүх зөвшөөрөл, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч хүртээмжгүй зүйл их бий. Бид зөвхөн тако л худалддаг. Үхэр, тахианы махнаасаа хамаараад 10-12 мянган төгрөгөөр борлуулж байна. Тако хийхдээ тусгай төхөөрөмж ашигладаг. Үүнийг ажиллуулахад цахилгаан заавал шаардлагатай. Бусад газрын хувьд хийн зуухан дээр хоол хийж болно. Харин бид цахилгаангүйгээр үйлчилгээ эрхэлж чадахгүй. Тиймээс аргагүйн эрхэд мотор ашигладаг. Энэ нь зардал ихтэй учир заримдаа ажилладаггүй, алдагдалд орж байна. Тиймээс нийслэлийн удирдлагууд үүнийг анхааралдаа авч, нэн даруй цахилгаантай болгох шаардлагатай. Манайх үргэлж шинэ хүнсээр иргэдэд үйлчлэхийг зорьдог. Гудамжны хоолны соёл гэдэг иргэдийн нүдэн дээр, хүсэж буй хоолыг нь хийж өгөхийн нэр шүү дээ. Тэгж байж л үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байна. Бид ч үүргээ биелүүлнэ гэсэн үг” хэмээв. Тэдэнд үйлчлүүлэгчдийнхээ захиалсан бүтээгдэхүүнийг шинээр нь хүргэх зорилго бий. Харамсалтай нь, цахилгааны асуудлаас болж зорилгодоо хүрч чадахгүйд хүрчээ. Цахилгаангүй бол тэд ундаагаа хөргөж, бүтээгдэхүүнээ хадгалж чадахгүйд хүрчээ.
Явган хүний гарцын зүүн талд “Food truck” гэх хаягтай хар саарал машин бий. Үүнийг Ц.Нинжин ажиллуулдаг. Тэрбээр “Манайх энд тавдугаар сараас хойш ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн тоо өдөр бүр харилцан адилгүй. Заримдаа хүнгүй үе ч бий. Бид түрээс төлдөггүй ч хог хаягдал гэх мэт зүйл төлбөр төлдөг. Манайх хүнсээ урьдчилж бэлтгээд хөлдөөдөг юм. Өглөө ирээд түүгээрээ хоол бэлтгэнэ. “Хоносон хоолоор үйлчлэхгүй” гэдэг уриатай. Бид чихэрлэг, халуун ногоотой тахиа, жантай гоймон, үдэнээр үйлчилж байна. Хамгийн хямд нь 2500 төгрөгийн үнэтэй үдэн. Харин хамгийн үнэтэй нь том савлагаатай, 15 000 төгрөгийн үнэтэй тахиан мах. Хэдийгээр түргэн хоол боловч эрүүл ахуйн стандартын дагуу иргэдэд үйлчлэхийг зорьдог. Хамгийн хүндрэлтэй зүйл нь цахилгаан. Сүүлийн үед гадаа 30 градусын халуун байна. Ийм үед хийн зуухан дээр хоол хийх маш хэцүү. Наанадаж иргэд халуун өдрүүдэд хүйтэн ус, ундаа уухыг хүснэ. Харамсалтай нь, цахилгаангүй учраас заримдаа бүлээн уух зүйлс борлуулдаг. Үүнээс болж уурлах хүн ч цөөнгүй. Түүнчлэн цахилгаангүй учраас үргэлж эрт хаах шаардлагатай. Хүн их үед орлогоо бодоод ажиллахыг хүссэн ч гэрэлгүй учраас хоол хийж чадахгүй. Мөн аяга тавгаа угаах, цэвэрлэгээ хийхэд ч хүндрэл тулгардаг” гэж онцолсон юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн