Олон улсын таеквондогийн Монголын холбооноос зохион байгуулсан, бага нас, өсвөр үеийнхний ангилалд улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд хот болон орон нутгийн 24 клубийн 850 гаруй тамирчин оролцов. Багийн дүнгээр “Чоно” олон улсын таеквондогийн клубийнхэн алтан цом гардсан юм. Орон нутгаас Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубийн таеквондочид дэд байрт шалгарч, “Мөнх хөх сүлд” урлаг, спортын сургалтын төвийнхөн хүрэл медаль хүртэв. Энэ удаа эмэгтэйчүүдээс “Yamukhai taekwondo”-гийн тамирчин М.Хүслэн, эрэгтэйчүүдээс “Чоно” клубийн тулаанч М.Эрхэс нар шилдгээр тодорчээ. Багаа амжилттай оролцуулсан “Чоно” клубийн багш С.Баттулга шилдэг дасгалжуулагч болсон юм. Тус тэмцээнийг дэнсэлсэн шүүгчдээс А.Сүрэн шилдгээр шалгарсан.
Сонирхуулахад, орон нутгийн багаас Завханы “Цэцэн шонхор”, “Алтан шонхор”, “Этүгэний шонхор” клубээс 42 тамирчин өрсөлдөн, таван алт, найман мөнгө, 15 хүрэл медальтай нутаг буцав. Тус аймгийн дасгалжуулагч нараас С.Будхүү хар бүс, дөрвөн дан, Б.Нэргүй хар бүс, гурван дан, А.Алтантулга, О.Мөнххүслэн нар хар бүс, нэг дан авч, цолоо ахиулсан юм.