Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор ойн салбарын үндэсний II чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасны дагуу Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох нь энэхүү чуулганы зорилго байжээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Дээрх зорилтод хүрэхийн тулд ойн салбарын бодлого, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр онцлов. Мөн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, иргэд хамтран зүтгэхийг уриаллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулжээ. Уг хөдөлгөөнийг “10 жил хэрэгжүүлээд зогсох биш, цаашид хойч үе маань ч үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч онцолсон байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна. 2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлсэн гэнэ. Тэгвэл энэ онд 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд хариуцах бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож буй аж.
Бэлтгэсэн С.Уул