Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед иргэд өвдөх эрхгүй болсоор удлаа. Энэ янзаараа эмнэлэг, эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таамаглахад ч бэрх болоод байна.
Ер нь Монголын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар хэмжээнд хүрснийг гэрчлэх олон баримт бий. Жишээ нь, нэрт эрдэмтэн Р.Барсболд гуай мухар олгойгоо авахуулаад гартал шарх нь нэг л эдгэж өгдөггүй. Өөр эмнэлэгт үзүүлэхэд хэвлий дотор нь баахан марл үлдээгээд оёчихсон байсан гэдэг. Эрүүл мэндийн салбарын дутагдал, гажуудлыг дээрх мэтээр тоочвол дуусахгүй. Эдгээр нь зөвхөн хэвлэлийнхэнд ил болсон хэрэг.
Мэдээж алтан гартай эмчийн ачаар хүнд өвчнөөс ангижирч, эрүүл болоод гардгийг хэлэхгүй өнгөрвөл хэтэрхий шударга бус явдал.
Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон эмч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хэр олон билээ. Хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, алдаанаас нь болж насан турш тахир дутуу болж үлдсэн хохирогч дэндүү олон гээд мууг цогцлоосон цөөнх сүүлийн үед улам олонх болох шинжтэй. Тэдний нэг нь “Солонго” нүдний эмнэлэгт хохирсон хохирогчид. Тус эмнэлэгт хараагаа тэглүүлэх, нүдний болор суулгуулах зэрэг эмчилгээ, үйлчилгээ авсан иргэд хохирсоор байгааг иргэд хэлж буй.
Бид дахин нэг хохирогч Ж хэлэхдээ “Чадваргүй, сэтгэлгүй эмч нартай үнэхээр аймшигтай газар. 2023 оны тавдугаар сарын 25-нд энэ эмнэлэгт аав минь болор солиулах мэс засалд орсон боловч эмч эвэрлэг бүрхэвчийг нь гэмтээсэн байсан. Эмч н.Номин, зөвлөх эмч н.Нарангарав хоёр тухайн үед байсан. Аав минь одоо донор солихоос өөр аргагүйд хүрсэн. Эмч нар нь өөрсийн буруугаа мэдэж, уучлалт гуйж, хохиролгүй болгох бүх арга хэмжээг авна гэсэн ч өдийг хүртэл байхгүй. Хүний эд эрхтнээр тоглочихоод хүн доромжилж суудаг газар байна билээ. Эмчийн ч, байгууллагын ч ёс зүй байхгүй. Хууль хяналтын байгууллагаар яваад ч нэмэргүй, Эрүүл мэндийн яам нь шийдэж өгдөггүй юм билээ. Одоо нэг нүдээрээ орчлонг хараад, шийдэж өгөхийг нь хүлээгээд байж байна, аав минь. ЭМЯ-наас томилсон шинжээч эмч нар нь ч ажлаа хийж байгаа үгүйг мэдэх юм алга. Эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод зогсохгүй доромжлуулаад гардаг газар даа” гэв. Манай сайтад энэ мэтээр олон хохирогч хандсан. Бид мэдээлэл бүрийг баримтжуулж буй. Хамгийн аймшигтай нь гомдол хэлсэн өвчтөнөө эмч нь хэл амаар доромжлон “Сэтгэцээ үзүүл” гээд хээв нэг хэлээд сууж байна гэдэг нь энэ эмнэлэг “даам” гарсны шинж. Ёстой нөгөө “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгч л болж байх шиг.
Бид энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Уг эмнэлэгтэй холбоотой иргэний гомдол манайх дээр ирээгүй тул арга хэмжээ авах боломжгүй” гэсэн хариу хэлэв. Харин “Солонго” нүдний эмнэлгээс тодруулах гээд яваад очтол үүдний хэсгээс нь “хөөгдөв”. Учир нь бидэнд мэдээлэл өгөхгүй, харин хуулийн зөвлөхөөрөө мэдээлэл өгүүлэх юм гэнэ. Хуулийн зөвлөхийнх нь утсыг аваад залгахад огт авахгүй, семинартай байна гээд өөдөөс тасална. Хэдэн хоногийн дараа арай гэж холбогдоход “Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг хэрэг бий. Гэхдээ шалгагдаж буй хэрэг учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөлгүйгээр өгдөггүй” гэх нь тэр.
Бид ардчилсан, хүмүүнлэг нийгэмд монголчууд бид амьдарч байна гэж ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь хүнийхээ төлөө юу хийж байна вэ? Лав л эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх нь доодын доод төвшинд буй. Ерөөс эрүүл мэндийн салбарын доройтол эмчийн ёс зүй алдагдсантай шууд холбоотой. Хувийн эмнэлгүүд нь хүнийг эмчилж эдгээхээсээ урьтаж мөнгө гэж хардаг. Харин “хувьсгал”- ын хэдэн эмнэлэг нь гар хардаг ёс зүйгүй байдлыг юу ч гэж ойлгох билээ. Өглөө үзүүлбэл үнэгүй, өдөр ирвэл төлбөртэй гэдэг дүрэм улсын эмнэлгүүдэд үйлчилдэг. Салбарын яам нь ямар ч мэдээлэлгүй, мэдлэггүй, эмнэлгүүд нь үйлчлүүлэгчээ мөнгө гэж хардаг болоод удаж байна даа.