“Бүтээмж, үр нөлөө” уриан дор болсон, прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг худалдахын эсрэг хатуу зогсож ажиллахыг анхаарууллаа. Иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах, эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг Төрийн тэргүүн сануулж, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов. Түүнчлэн газар нутаг, байгалийн баялгийг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулсан хүмүүстэй хатуу тэмцэх, байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлж, бодит үр дүн гаргах ёстойг санууллаа. Улмаар прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Тус зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын 51 удирдах албан тушаалтан биечлэн, 1200 гаруй прокурор цахимаар оролцлоо.
Бэлтгэсэн У.Наран