-Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь тус улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй юм.
Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэгийн болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг Германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар тэд ярилцсан юм. Мөн хэд хэдэн баримт бичигт талууд гарын үсэг зурлаа.
Уулзалтын дараа тэд мэдээлэл хийсэн бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүн Европын орнуудаас манайхтай тогтоосон харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн анхны улс нь ХБНГУ болж, энэ талаар хамтарсан тунхаглал гаргаж буйг онцлов. Үүнээс гадна тус улсаас хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд ирэх он хүртэл 300 тэрбум төгрөгтэй дүйцэх санхүүжилтийг манайд олгохоор болсныг дуулгалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд чухал дэмжлэг болохыг Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.
Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёр улс харилцааны түвшнээ ахиулсанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Бонн хотод үзэсгэлэн гаргахаар ярилцаж байгааг дуулгалаа. Мөн Монгол дахь түшиц 12 сургуулийг дэмжиж, боловсон хүчнийг нь бэлтгэхэд хамтран ажиллахаар болсон гэв. Ирэх сард ХБНГУ-ын цахим хөгжил болон дэд бүтцийн асуудал хариуцсан сайд нар нь манай улсад айлчлах аж.