“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн төлөөлөл БНХАУ-д ажиллан, тус улсын “Чайна камк инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол Улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиолцон, санамж бичиг байгуулжээ. Эл санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан, ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхлүүлсэн байна.
Манай улс жилд 70 орчим мянган тонн буюу 145 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихэр импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг аж. Тэгвэл дотоодын хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлтгэхээр зорьж байгааг “Хөдөө аж ахуйн корпорац”-аас мэдээллээ. Ийм үйлдвэр ашиглалтад оруулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын сацуу чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг ач холбогдолтой гэв.