Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны (АХБ) суурин төлөөлөгч нар “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн I үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28 саяын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, хот, хөдөөгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдүүлэхийг зорьж буй аж. Тухайлбал, ногоон хөгжлийг дэмжин, хот, хөдөөг холбон хөгжүүлэх загвар бий болгох гэнэ. Ингэснээр аймаг, сумдын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих төрөлжсөн хөдөө аж ахуйн бизнесийн төв болгох зорилготой юм байна. Тус хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд 17 аймгийн 52 байршилд хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газар, АХБ, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Холбоо, Уур амьсгалын ногоон сангийн зээл, буцалтгүй тусламж гээд нийт 735 сая ам.долларын санхүүжилт хийх гэнэ.