Архины хамааралтай иргэдийг эмчлэх, сургалтад хамруулах, ажлын байраар хангах “Итгэл” төслийн хаалтыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Зургаан сар үргэлжилсэн эл төсөлд 114 иргэнийг гурав хуваан хамруулжээ. Эхний 2 сургалтад эрчүүд, сүүлийнхт нь эмэгтэйчүүд хамрагдаж, дийлэнх, олонх нь архинаас гарсан байна. Төслийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд нэгдсэнээс гадна БНСУ-ын Сэтгэлийн боловсрол төвийнхөн арга зүйн дэмжлэг үзүүлсэн гэнэ. Архинаас гарахаар шийдэж, хүсэлтээ сайн дураараа гаргасан иргэдийг Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан өргөө” төвийн вакумжсан сургалтад хамруулдаг юм байна. “Итгэл” төсөлд хамрагдсан иргэд сэтгэгдлээ хуваалцлаа
П.Нандин-Эрдэнэ: Эхнэрээ дагуулаад “Хархорин”, “Нарантуул”-аар явж архиддаг байлаа
-Эхнэрээ дагуулаад л “Хархорин”, “Нарантуул”-аар явж архиддаг байлаа. Нэг л өдөр зүрхэндээ архинаас гарах шийдвэр гаргаж “Итгэл” төсөлд хамруулж өгөөч хэмээн өргөдөл бичсэн. Архи уудгаасаа болоод аав, ээжийнхээ оршуулгад очиж чадаагүй. Магадгүй миний архи уудгаас болж тэд минь өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Архи уухдаа ичээгүй би, архинаас гарсан түүхээ хуваалцахдаа юунаас ичих вэ. Одоо хайртай дотнын хүмүүс, эргэн тойрныхон минь миний төлөө санаагаа чилээхгүй тайван амьдарч буй. Би ч тэднийхээ итгэлийг даан амьдарч байна.
С.Пүрэвсүрэн: Архинаас гарч өөрийгөө ялан дийлсэндээ баяртай байна
- Би архинаас гарснаараа өөрийгөө ялан дийлж, өөрийгөө хамгаалж, хөгжүүлж, хайрлаж сурсан. Гэртээ хоёр хүүхдээ хараад ажилгүй суусаар нэг мэдсэн нэг их гутарсан, ядарсан зүдэрсэн хүн болж хувирсан. Улмаар архи ууж, донтох маягтай болж ирсэн. Нэг өдөр хорооны хэсгийн ахлагч “Итгэл” төсөлд хамрагдах сонирхол байна уу хэмээн асуусан. Төсөлд хамрагдсан 28 хоногт ихээ үр дүн гарсан. Сэтгэлээ ч цэгцэлж сурлаа. Гар урлал хийдэг боллоо. Баяртай байна.
О.Сонинсайхан: Архинаас гарснаар үр хүүхдүүдийн минь айдас арилсан
- Нэг архи уухаараа хэд хоногоор архи ууж ажлаа алддаг байлаа. Сүүлдээ амьдралаа алдах дөхсөн. Одоо архинаас гарсан. Хүмүүсийн итгэл сэргэж ирсэн. Ажил даатгаж, хамтардаг болсон. Хамгийн гол нь эхнэр хүүхэд минь дагжиж чичрэхээ больсон. Гаднаас гэртээ ороход хоёр хүүхэд минь гүйж ирээд л зүүгддэг. Тэдний минь айдас арилж, жаргалтай байгааг харах сайхан байна.
Түүнчлэн Аддиктологийн төвийн захирал клиникийн профессор, анагаах ухааны доктурант Д.Ганбат “Итгэл” төслийн хүрээнд иргэдийг 28 хоног вакумжуулж, бүлгийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж буй. Эхний хоёр ээлжээс 90 хувийн үр дүн гарсан. Мөн төрийн байгууллага хамтран оролцож, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн иргэдийг маань ажлын байраар хангаж буйд эмч бид нэн баяртай байна. Архи уудаг хүний ард гэр бүлийн 20-200 хүн шаналж байдаг бол тэр бүгдийн сэтгэл амарсан гэсэн үг. Аддиктологийн төв цаашдаа иргэдээ гурван жил дэмжиж ажиллана. Эндээс гарсан хүмүүс хувийн бизнес эрхлээд эхнээсээ амжилт гаргалаа. Гэр бүл зохиогоод тогтсон амьдралтай боллоо. Манай сэтгэлзүйчид архинаас гарсан иргэдийн гэр бүлтэй мөн тулж ажиллана” хэмээсэн юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Аддиктологийн төв, хороодын Хамтарсан багийн гишүүд эл ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэжээ. Иргэд ч сайн дураараа эмчилгээнд хамрагдах нь нэмэгджээ. Төслийг хэрэгжүүлэхэд НИТХ-ээс 309 сая төгрөг гаргасан байна. Төслийн мөнгийг зүй зохистой зарцуулснаар 80 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан гэнэ.