Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар өдгөө 95 насны сүүдрийг зооглож буй Начингийн Цэрэнпил гуайд хүндэтгэл үзүүлжээ. Түүх сөхөхөд, манай улсад Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм. Уг өдрөөр 1937 оноос эхтэй улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд бүрэн бус мэдээгээр Монгол Улсад 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.
Н.Цэрэнпил нь 1939 оны Халхын голын байлдааны шийдвэрлэх үед эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах онцгой хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж, энэхүү байлдааныг ялалтад хүргэхэд үнэлж баршгүй гавьяаг байгуулсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэнгийн төрсөн дүү нь юм.
Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Ж.Цэрэн 1908 онд Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу буюу өдгөөгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт мэндэлсэн. 1930 онд цэргийн албанд татагдаж 5 дугаар морьт хороонд цэрэг, улмаар бага даргын сургуульд суралцан салааны даргын туслах, салааны дарга, 14 дүгээр хороонд салаан дарга, 15 дугаар морьт хороонд пулемёт сумангийн даргаар ажиллаж байсан. Энэ үед 1933-1934 онд Цэргийн ерөнхий сургуулийн дарга нарын давтан сургуульд зургаан сар суралцаж төгсжээ.
Мөн тэрээр 1938 онд 7 дугаар дивизийн 20 дугаар хорооны дарга, дивизийн штабын даргаар ажиллаж байгаад 1939 оны 7 дугаар сарас МАХЦ-ийн Жанжин штабын даргаар томилогдсон ба түүнд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1938 оны 93 дугаар тушаалаар бригад командлан захирагч, мөн жанжны 1939 оны 116 дугаар тушаалаар дивиз командлан захирагч цолыг тус тус олгосон түүхтэй.
Ийнхүү Халхын голын байлдаанд шийдвэрлэх үүргийг үүргийг гүйцэтгэсэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Ж.Цэрэнг хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн, хорлон сүйтгэгч, Японы тагнуул, Гэндэн, Дэмидийн хамсаатан гэх зэргээр зохиомол хэрэг тулган амь насыг нь егүүтгэн монголын ард түмэн болоод Монгол ардын хувьсгалт цэрэгт нөхөж боломгүй гарз хохирол учруулсан гашуун түүх бий.
Хожмоо Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегийн 1989 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 31 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан нь бодит үнэнд нийцсэнийг төр, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, хамт алба хааж явсан дайчин нөхөд олонтоо дурссан байдаг юм.
Энэ тухайд, Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга агсан хошууч генерал Ч.Самбуу хэлэхдээ, “Дайнд оролцсон ахмад дайчид бол хамгийн хүндтэй ч хамгийн өрөвдмөөр хүмүүс юм. Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Ж.Цэрэн МАХЦ-ийн уураг тархи болсон Жанжин штабыг удирдаж ялалт авчирсан хүн. Түүний нэр алдар байгуулсан гавьяаг 80 жил дурсахгүй өнгөрсөн эмгэнэлт түүх бий. Дайнд оролцсон олон ахмад дайчин Цэрэн даргын тухай үлгэр домог шиг олон зүйлийг ярьж байсан ч олон түмэнд хүрэхгүй байгаад их эмзэглэж байсан. Монголын ард түмэн, ахмад дайчид, дайнд оролцоод одоо үлдсэн цөөн хэдэн хүн, ардын армийн дайчид Цэрэн даргын байгуулсан гавьяаг бодитоор үнэлбээс баярлан бахдах байх” хэмээн нэгэнтээ өгүүлсэн нь үлджээ.
Учир иймд энэ удаа Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан түүний төрсөн дүү Н.Цэрэнпилд ЗХЖШ-ын Жуух бичиг, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан ном, гэрэл зургийн альбомыг гардуулах хүндтэй үүргийг ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах хүлээж, энэхүү хүндэтгэлийг үзүүлсэн юм.
Уг ёслолд ахмад настан Н.Цэрэнпил, түүний хүү Х.Амарбаясгалан, охин Х.Хишигдэлгэр нар байлцав. Энэ үеэр Н.Цэрэнпил гуай бидэнд ахтайгаа хамт амьдарч, уулзаж явсан үеийн түүх яриаг дэлгэж, буянтай сайхан ерөөлийг бидэнд айлтгасны зэрэгцээ “Энэ өдөр ахын маань буян хишиг надад ирж байна. Би энэ төр, улсдаа ихэд баярлаж явдаг хүний нэг. Энэ хугацаанд дутагдах, гачигдах зүйлгүй сайн сайхан л амьдарч байна. Ах маань 33-хан настайдаа ихэд хэлмэгдэж, түүний хор уршгаар бид хүнд хэцүүг туулсан ч хожмоо тэрхүү зохиомол бөгөөд хуурамч хэрэг нь төр, засгийнхаа буянд цагаатгагдаж, ахын нэр алдар нь үнэн бодитоор сэргэж, байгуулсан гавьяат үйлс нь улам бүр тодорсоор буйн амьд гэрч болсноороо би бээр бахархаж явна” хэмээсэн юм.