Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилга ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус сургууль 1956 онд 320 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдсан бөгөөд барилгын насжилтын хугацаа дуусаж, газар хөдлөлийн норм дүрмийн шаардлага хангахгүй болсон тул буулган 2019 онд шинээр барих ажлыг эхлүүлж байжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн барилгыг 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж, бага ангийн сурагчдад зориулсан хичээлийн танхим, ариун цэврийн өрөө зэргийг тусад нь шийдвэрлэж, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж ашиглалтад оруулсан байна.
Барилгын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажилласан бөгөөд орчин үеийн жишигт нийцсэн спорт болон урлаг заал, номын сан, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн гадна талбай, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэжээ.
Сургуулийн барилга ашиглалтад орсноор хамран сургах тойргийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны хүүхдүүд гэртээ ойр, шинэ хичээлийн байранд боловсрол эзэмших нөхцөл боломжоор хангагдаж байна.