Эвсэг” кашмерынхан маргааш үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүртээ “Хүүхэд эрхэм хэрэглэгч” экспо үзэсгэлэн худалдааг дэлгэх гэж байна. Энэ экспо худалддаанд хүүхдийн бүтээгдэхүүн худалдаа, хүүхдийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний үйлдвэрлэгч компаниудыг талбайн түрээс авахгүйгээр урьж оролцуулж байгаа юм байна. Хамгийн гол нь үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдээс хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн борлуулж, тэдэн рүү чиглэсэн зөв санаачилга гаргахыг хүссэн байна. “Эвсэг” кашмерийнхны саналыг бусад үндэсний үйлдвэрлэгч компаниуд найрсгаар хүлээн авч, өргөнөөр оролцоно гэдгээ илэрхийлжээ. Мөн 1000 төгрөгийн гарын бэлэгтэй купон худалдаалах бөгөөд хуримтлагдсан мөнгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Түр хамгаалах байруудад хандивлана. Үүнээс гадна үндэсний үйлдвэр нарын дунд хандивын аян мөн өрнүүлж, цуглуулсан мөнгөөр эмзэг бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажил зохион байгуулах аж. Эвсэг кашмерынхан эл экспо үзэсгэлэнг Нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхантай хамтран зохион байгуулж байна. Тус газрын дарга М.Энх-Амар “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн замын хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах нь чухал. “Эвсэг” кашмерынхан үзэсгэлэн худалдаа гаргаад зогсохгүй, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн зэрэг сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах юм билээ” хэмээсэн. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хүүхдэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Маргааш нээлтээ хийх үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн сэтгэлзүйч, шүдний эмч ирэх бөгөөд эцэг, эх хүүхэд үнэгүй зөвлөгөө өгнө. Мөн хүүхдийн зохиолч нар оролцож, хүүхэд багачуудтай хөгжилтэй яриа өрнүүлнэ гэсэн. Санаачлагч “Эвсэг кашмерынхан ирэх өдрүүдэд хүүхдийн ирээдүйг сайн сайхан байлгахын төлөө тодорхой ажлууд хийнэ, аян зохион байгуулна гэдгээ өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Улмаар бусад үндэсний үйлдвэрлэгч компаниудаа хүүхэд хамгааллын ажилд нэгдэцгээе хэмээн уриалсан юм. Тэдний санаачилсан хүүхэд хамгааллын аянд 20 гаруй компани нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. Хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд болно.