АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтэд “Галт уулын дэлбэрэлт нь дэлхийн агаар мандал, уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна” хэмээн мэдээллээ. Түүнчлэн эл үзэгдлийн улмаас агаарын температур их хэмжээгээр нэмэгддэгийн зэрэгцээ дэлбэрч буй уулын үнс дэлхийн дулааралд тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг судалгаагаараа тогтоосон аж. Үүнээс өмнө олон орны эрдэмтэд галт уулын дэлбэрэлтийн талаар янз бүрийн судалгаа хийж ирсэн ч байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь тооцолгүй орхигдуулдаг байсан гэдгийг онцолжээ. Тиймээс Колорадогийн их сургуулийн эрдэмтэд Индонезын Ява арал дээрх Келуд галт уул дэлбэрсэн тухай мэдээлэлд үндэслэн үр дагаварт нь дүн шинжилгээ хийжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, галт уулын үнс агаар мандалд хэдэн сарын турш эргэлдэн, нөлөөлсөөр байдаг. Үнсний хамгийн жижиг хэсгүүд нь газрын гадаргууд удаан тогтдоггүй тул агаартай харилцан үйлчилж, хүхрийн хүчил ялгаруулдаг гэв.
Бэлтгэсэн: Ж.Хаан