Нийслэлийн түүхийг “хүүрнэн өгүүлэх”, 100 настай Улаанбаатар хотын музей дөнгөн данган үйл ажиллагаа явуулж байна. 1918 онд барьсан барилгыг нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд дорвитой засаагүй, багахан хөрөнгөөр тордсон болж аргацааж ирсэн юм байна. Эл асуудлыг олж харсан хэсэг залуу хандив босгон, тус музейг засах болжээ. Тодруулбал, “Зориг” сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрт хамрагдсан залуус есөн сарын хугацаатай “Улаанбаатарын музей” төсөл хэрэгжүүлж, 30 сая төгрөг босгон, музейн хана, тааз, шалыг нь засуулах гэнэ. Тэд “Түүх, соёлын өвөө хамгаалж үлдэхэд залуус бид зайлшгүй хувь нэмэр оруулах ёстой гэж үзсэн учраас энэ төслийг хэрэгжүүлэх болсон. Хуучны модон барилгын хана, тааз, шал хэт хуучирсан. 1956 онд энэ барилгад музей үйл ажиллагаа явуулж эхлэхэд шалыг нь тавьснаас хойш огт засаагүй гэхээр ямар болсон нь ойлгомжтой байх. Хана нь цуурсан, дээвэр муудаж, бороотой үед байнга дусаал гоожих болжээ. Бид их мөнгө гаргаж, барилгыг бүхэлд нь шинэчилж чадахгүй ч өв соёлоо хамгаалж үлдэх сэтгэлтэй хүмүүсийг уриалан 30 сая төгрөг босгож, хана, тааз, шалыг нь засахаар төлөвлөсөн. Уг ажилд туслаач хэмээн үндэсний аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэдэд уриалж байна” хэмээсэн юм.
Улаанбаатар хотын музей уг нь 3300 гаруй үзмэртэй ч 100 орчмыг нь л олон нийтэд толилуулдаг гэнэ. Үлдсэн 3200 гаруй үзмэрийг сан хөмрөгийнхөө өрөөнд хадгалдаг. Тэрхүү өрөө нь музейн үзмэр хадгалах стандартын шаардлага огт хангахгүй, 30 ам метр хүрэхээргүй умгар юм байна. Энэ нь Улаанбаатар хотын түүхийн үнэт үзмэрүүдийн насыг богиносгох, улмаар устгаж мэдэх аюултай гэнэ. Музейн ажилтан Г.Очбаяр “Залуу манлайлал” хөтөлбөрийнхөн нийслэлийнхээ түүх, соёлын өвд анхаарч, ийм төсөл хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Улаанбаатар хотын музей хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Барилгын багтаамж муугаас болоод үзмэрийнхээ тун багахан хувийг л иргэдэд үзүүлдэг. Бороо их орохоор бид нэлээд сандардаг шүү. Дээврээс ус гоожиж, уран болон гэрэл зургийг сүйтгэчих шахна. Тиймээс голдуу л сан хөмрөгийнхөө өрөөнд хадгалж байна. Эхний ээлжид барилгын хана, тааз, дээврийг засуулах боллоо. Цаашид музейг өргөжүүлэх шаалагатайг холбогдох байгууллагынхан нь анхаараасай. Бидэнд олон нийтэд огт үзүүлж байгаагүй үзмэр цөөнгүй бий” хэмээсэн юм.
М.Оч