“Нэр нэгтийн чих нэг” буландаа амидай нарыг урьдаг уламжлалаа энэ удаа зөрчлөө. Өнөөдрийн дөрвөн зочин маань өөр өөр нэртэй. Гэхдээ тэднийг “Өвлийн өвгөн” гэдэг нэр нэгтгэдэг. Тэд “Өвлийн өвгөн болох нь өндөр хариуцлага, нэр хүндтэй ажил” гэсэн. Ийм л нэгэн сэтгэлээр жил бүр үүргээ онцсайн гүйцэтгэдэг Ц.Жарантав, Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, З.Манлайжав гэдэг “өвгөд”-ийг нэр нэгтнүүдийн буландаа урив. Нэр ондоо ч нэлээдгүй зүйл дээр санал нэгдсэн дөрвөн өвөө маань насны хувьд янз бүр. Хамгийн бяцхан “өвөө” найман настай бол ахмад нь 70 гарч буй. Үе үеийн өвлийн өвгөд маань “Өнөөдөр”-ийн уламжлал ёсоор адил асуултуудад хариулсан юм. Цас мөсний орноос ирдэг, Өвлийн өвгөн нэртэй, цан хүүрэгтэй зочид маань:
-Тухайн нийгэм, хөгжлөөсөө шалтгаалаад үе үеийн хүүхдүүд өвлийн өвөөг хүлээн авах байдал болон итгэл үнэмшил нь янз бүр байдаг. Сүүлийн үеийн хүүхдүүдийн хандлага ямар байна вэ
-Өвлийн өвгөн үнэхээр бий гэдэгт Та өөрөө итгэдэг байсан уу?
-Цас мөсний орноос өвлийн өвгөн ирээд өөрийнх нь хувцас, сахал болон эд зүйлсийг өөрчлөхийг зөвшөөрвөл Та яах вэ?
-Өвөө танд тохиолдож байсан хамгийн сайхан шинэ жил,сэтгэл хөдөлг өсөн явдлаасаа ярина уу?
-Өвлийн өвгөн байх нь том хариуцлага мөн үү?
-Өвлийн өвөө Та шинэ оноо угтан ерөөл хэлнэ үү? гэсэн асуултуудад ийнхүү хариуллаа
Ц.ЖАРАНТАВ: Охин “Долгион ах уруул дээрээ хөвөн наачихсан байна” гэж хэлсэн гэсэн
-Хүүхдүүд өвлийн өвөө байдагт үнэн голоосоо итгэдэг юм шүү. Ямар цаг үед амьдарч байгаа нь үүнд хамаагүй. Хүүхэд л бол хүүхэд байдаг. Тэр бүү хэл том хүмүүс ч өвлийн өвөөг дээдлэн хүндэлж байгаа нь түүнд итгэл үнэмшилтэй байгаагийн илэрхийлэл шүү дээ. Дуучин Алтанцэцэг нэг удаа дөрвөн настай охиноо баярлуулахаар гэртээ өвлийн өвөө урьжээ. Гэтэл охин нь “Энэ өвлийн өвөө биш байна. Долгион ах уруул дээрээ хөвөн наачихсан байна шүү дээ” гэж. Тэгээд дараа жил нь намайг урьсан юм билээ. Тэгтэл охин нь “Ёстой жинхэнэ өвлийн өвөө ирлээ” гэсэн. Тэнд бас нэг хүү байсан. Нэг дуучны л хүүхэд, чухам хэнийх билээ санахгүй байна. Тэр хүү бүр хамаг мэддэг чаддагаа өвөөд үзүүлсэн дээ.
-Би 1961 онд дунд сургуулийн өвлийн өвгөн болсон юм. Тэгсэн аймгийн Намын хорооны дарга Эрдэнэцогт намайг аймгийн шинэ жилийн баяраар бас өвгөн болгосон. Тэрнээс хойш хааяахан л өвгөн болж байлаа. Харин 1980 онд Гомбосүрэн багш маань “Чи Пионерийн ордны өвлийн өвгөн бол. Чамаас сонгодог сайхан өвөөгийн дүр харагдаж байна. Өвлийн өвгөн гэдэг цас мөсний орноос чаргаар ирдэг. Тэгэхээр эрүүл чийрэг, тамирчин шиг цовоо сэргэлэн байх ёстойг санаарай” гэсэн. Өвлийн өвгөн баяр дээр баяр нэмдэг учраас галтай цогтой, хэлж ярьж байгаа нь сургааль болох ёстой гэж би боддог. Ер нь ч өвлийн өвгөн гэхээр бэлэг тараагаад л яваад өгдөг хүн байх ёсгүй. Янз бүрийн урлагийн үзүүлбэр хийх хэрэгтэй. Учир нь өвөө урлаг соёлыг давхар түгээдэг юм. Илбэ, хөгжим, бүжгээр хүмүүсийн баярыг мялаах ёстой.
Хүүхдүүд Санта Клаусыг өвлийн өвгөн гэж хүлээж авахаа больж. Гудамжаар дүүрэн Санта. Сахал, үсийг нь хүртэл зарж байна. Тэгэхээр торноосоо хувцас, сахал гаргаад л Санта болдог гээд тоохгүй байна. Харин монгол өвлийн өвөөг хүүхдүүд үнэхээр сайхан хүлээн авдаг. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хүүхдүүдийн сэтгэлд шүтээн болсон өвлийн өвөөгийн соён гэгээрүүлэх үүргийг манай телевизүүд үнэгүйдүүлээд, бараг дотуур өмдтэй нь гаргах шахаж байна.
Жүжигчид, урлагийнхан хүртэл өвөө болохдоо сахлаа толгой дээрээ тавиад, мартаад гарсан гэхчлэн яриад инээх юм. Уран бүтээлээ өөрсдөө ингэж үнэгүйдүүлж болохгүй. Өөр нэг зүйл бол чанартай үйлчилгээнд эдийн засгийн тодорхой хөшүүрэг байх ёстой. Үлгэрийн мэт өвгөн охид, ан амьтдаа дагуулаад сайхан баярлаж байхад хөлс мөнгөгүй ажиллуулдаг. Дэлгүүрт таньдаг хүндээ үнэгүй талх өгөхгүй биз дээ. Зарчим адилхан шүү дээ. -2001 оны шинэ жилийн баяраар ДБЭТ-ын өрөөнд нүүрээ будаж, хувцсаа солиод гартал дээд тал нь задгай, нэг их гоё машин хүлээж байна. Тэгээд өвлийн өвөө би машинтайгаа Сүхбаатарын талбай дүүрэн хүмүүсийн дундуур явлаа. Индэр дээрээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга өвлийн өвөөгөө үнэхээр хүндэтгэн харж байв. Тэгэхээр нь би даллаад л яг Төрийн тэргүүн явж байгаа юм шиг хачин сайхан сэтгэгдэл төрсөн. Тэгээд буцаад ортол миний шавь Хасар Жагаа “Багш аа, Та Санта Клаус болоод гарвал ямар вэ” гэхээр нь монгол өвгөнийхөө хувцсыг солиод, баян хууртайгаа талбайд гарч, орос дуу дуулсан. Хүмүүс тэгэхэд Оросоос өвлийн өвгөн ирсэн гэж ойлгосон шүү. Тэгэхэд төрийн өндөрлөгүүд маань бүжиглэж байгаа харагдсан. Шинэ мянганы эхлэлд ийм л өвөө болсон доо. Өөр нэг явдал байна.
Н.Энхбаяр Шинэ жилийн баяраар Монгол Улс ОХУ-д өргүй болсон тухай мэдээг дуулгахад бүх хүн уухайлан, нүдэндээ нулимстай харагдсан. Өвлийн өвгөн би ч уйлсан. Тэгээд байж байтал Н.Энхбаяр хажууд минь ирээд “Таныг Гомбосүрэн гуай байна гэж харлаа. Дуу хоолой, алхаа гишгээ, царайны төрх гээд их адилхан байна” гэсэн. Багштайгаа зүйрлүүлэхээр өвлийн өвөө болсондоо их баярлаж билээ. -Өвлийн өвөө тухайн нөхцөл бүрт тохирсон сайхан үг хэлж, хүмүүст урам өгөх ёстой. Тэрнээс биш хувцас энэ тэрийг яг одоогийнхоор нь үлдээнэ. Тэр бол уламжлал, их утга санаа агуулсан, бодож хийсэн зүйл байгаа. -Өвөө байх хариуцлага гэж маш зөв асуудал. Тэр хүн маш чадварлаг, бас сургамжтай байх ёстой. Алхаж гишгэхдээ ч үлгэрийн юм шиг байх хэрэгтэй. Өвлийн өвг өн хаанаас ирдэг билээ гэж бодмоор байна. Цас мөсний орноос алс замыг туулж ирсэн юм чинь монгол гутал нь жаахан элэгдсэн байж болно. Тэрнээс биш хэт хутга энэ тэрээр гоёж боломгүй. Тийм өвөө би харсан. Өвлийн өвөөгөөс хүүхдүүд танхай нөхрийн төрх олж харах вий гэж болгоомжилж байгаа юм. Нэг удаа утсаар нэгэн залуу “Таны цасан охид тайчих уу” гэж асуусан. Би бүр гайхаад “Өвгөн буурал аавынхаа дэргэд нүцгэлээд зогсдог охид байх уу. Тийм бузар юм битгий ярь” гэсэн. Тэгж явдаг хүн байх шиг байна. Тийм бол хамгийн муухай юм шүү.
-Би Булган аймгийн уугуул. Өсөж, торнисон газар минь Сэлэнгийн Шаамар. Тэгэхээр энэ хоёр нутгийнхаа ардад, мөн театрын хамт олондоо шинэ оны мэнд хүргэе. Монголынхоо түмэн олонд “Нас нэмж ухаан тэлсэн, цас бударч өнгө нэмсэн, дарс оргилж баяр нэмсэн шинэ ондоо гэр дүүрэн аз жаргалтай байгаарай” гэсэн өлзийтэй ерөөлийг “Өнөөдөр” сониноор дамжуулан хүргэе.
Ийнхүү ерөөгөөд өвлийн өвөө Жарантав гуай илбэ үзүүлснээр биднийг үдлээ.
Г.МЯГМАРНАРАН: Өвлийн өвөөгийн чоно, үнэг, баавгайнаас их айдаг байж билээ
-“Монгол шуудан”-гаас зохион байгуулдаг “Шууданч өвөө” үйлчилгээгээр хүүхдүүдэд бэлэг өгч явахдаа би өвлийн өвгөнд итгэж, үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа олон хүүхэд харсан. Багачууд өвлийн өвөөг үнэн сэтгэлээсээ хүлээн авдаг юм. “Би өвлийн өвгөн мөн байна уу” гэхээр эргэлзээгүйгээр “Мөн” гэдэг. Сүүлийн үеийн хүүхдүүд их хэрсүү болсон нь “Шууданч өвөө”-д илгээсэн захидлуудаас нь мэдрэгддэг. Ер нь энэ их зөв, тустай үйлчилгээ шүү. Хүслээ илэрхийлэхээс гадна бага ангийнханд захиа бичиж сурахад хүртэл тустай. Итгэл үнэмшилд нь ч түлхэц болдог гэж боддог. Ер нь хүүхдүүдийнх, томчуудынх гэлтгүй шинэ жилийн баярын хамгийн гоё нь өвлийн өвөө шүү дээ. Монголчууд аливаад их бэлгэшээлтэй, итгэл үнэмшилтэй ханддаг түмэн. Тэр утгаараа өвөөтэйгөө зургаа авахуулж, гар барьж мэндлэн, ерөөлийн үгийг нь сонсох дуртай байдаг.
-Намайг бага байхад ойгоос гацуур авчирч засаад, цас мөсний орноос ан амьтад, цасан охидоо дагуулан ирдэг өвлийн өвгөн ааваа их сүртэй угтан авдаг байлаа. Тэр үеийн хүүхдүүд тийм өвөө үнэхээр байдаг гэж итгэдэг. Холоос барааг нь хараад л бишрээд гайхаж, алмайрна шүү дээ. Хөдөө сумын хүүхдүүд бидний хувьд Шинэ жил гэдэг ер бусын сонин гоё зүйл учраас тэсэн ядан хүлээдэг байжээ. Сониноос, би өвөөгийн чоно, үнэг, баавгайнаас нь их айдаг байж билээ.
-Саяхан 116 дугаар сургуулийн Шинэ жилийн баярт очлоо. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өвөөг өө маш их сэтгэл хөдлөлөөр хүлээн авсан. Зарим нь дуу алдаж, зарим нь энд тэндээс минь тэмтэрч байсан. Сахлаа бариулж үзүүлтэл “Цас мөсний орноос ирсэн өвөө байна” гэсэн. Нулимс эрхгүй гарч байна лээ.
-Би энэ жил хувцасны зарим нэг зүйлд жаахан өөрчлөлт оруулсан. Жишээ нь, дэлхий нийтээрээ улаан хувцастай Сантаг андахгүй. Тэгэхээр монгол өвлийн өвгөний дээлний өнгийг улаан болгоод, арай богинохон хийсэн. Ирэх жил дээлээ арай урт болгох санаатай. Хүүхдүүдийн баярт очихдоо шинэ дээлээ өмсөж байна. Харин албан байгууллагынхад уламжлалт дээлээ өмсөж байгаа. Ер нь өвлийн өвгөн бол Шинэ жилийн баярын онцлог шүү дээ. Энэ баяр байгаа учраас өвлийн өвөө байгаа.
-Өвлийн өвөө бол айл хэсэж, бэлэг тараагаад, цай уугаад гардаг хүн биш. Тэр бол хүн бүрийн сэтгэлд байдаг бэлгэдэл, биширч хүндэлдэг баатар нь. Тиймээс өвлийн өвөө болох нь маш их хариуцлага. Сайхан үг хэлж, сайн үйл хийх ёстой. -Шинэ он бүхэн шинэ зүйл, шинэ аз жаргал, шинэ бүхний эхлэлийг авчирдаг. Монголчууд бид ирэх ондоо сайхан байна гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хүндрэл бол цаг зуурын зүйл учраас даваад л гарна. Хамгийн гол нь хүн бүхэн хичээж, төрөө хүндэлж, итгэж, ирээд үйг сайхнаар харах хэрэгтэй.
Б.ЖАРГАЛСАЙХАН: Шинэ ондоо бүгдээрээ зорилготой, хичээж амьдарцгаая
-Би 2004 оноос Өвлийн өвгөн болж байна. Хүүхд үүд чин сэтгэлээсээ өвлийн өвөөд итгэж, хүлээдгийг энэ хугацаанд мэдэрлээ. Үүний нэг тод жишээ бол манай театрын хаягаар өвлийн өвөөд ирсэн захидлууд. Энэ жил 10-аад хүүхэд хүсэл мөрөөдлөө дайсан захиа ирүүлжээ. Энэ бол тэдний итгэл үнэмшлийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй том хүм үүс ч монгол өвөөгөөс ерөөлийн үг сонсож, үнсүүлэх их дуртай шүү.
-Би багадаа өвлийн өвөө байдагт итгэдэг байсан. Тэр үед одоогийнх шиг өвөөд хүслээ шивнэдэг байгаагүй. Харин онцсайн сурсан хүүхдэд л өвлийн өвөөгөөс бэлэг гардах завшаан тохиодог учраас дор бүрнээ л хичээнэ шүү дээ. Би тавдугаар анги хүртлээ “Таван онцын эзэн” болж, өвөөгөөс бэлэг авсан даа.
-Би өвлийн өвөөгийн юуг ч өөрчлөхийг хүсэхгүй. Угаас монгол өвөөгийн сүүн цагаан өнгөтэй дээл, цал буурал сахал, тэнгэрээ бэлгэдсэн нөмрөг, хэв маяг гээд манай ёс заншил, шашны бэлгэдлийг тусгасан учир, утга төгөлдөр зүйлийг өөрчлөх шаардлагагүй.
-Өвлийн өвөө олон сайхан зүйлтэй учирдаг л даа. Тэр дундаас нэг явдлыг би хэзээ ч мартахгүй. Олон жил хорвоог харж чадаагүй хүү хараа оржээ. Зургаан настай тэр хүүд би бэлэг өгсөн юм. Анх удаа өвлийн өвөө харсан тэр хүүхэд нүдэндээ итгэж ядан, гайхаж биширч байгаа нь илт байсан. Нүд бол бүхний илэрхийлэл шүү дээ. Өөр нэг зүйл гэвэл би жил бүр энэ баяраар 100 хүүхдэд гэр бүлийнхээ бэлгийг өгдөг уламжлалтай. Орлого багатай айлын хүүхдүүдэд зориулан сэтгэлээсээ бэлдсэн бэлгээ өвлийн өвөөгийн дүрээр гардуулахад тэд үнэхээр баярладаг.
-Хүмүүсийн итгэл үнэмшил, хүндэтгэл хүлээж, тэдэнд сайн сайхныг бэлгэддэг өвлийн өвөө өөрөө үлгэргүй байхаар яах билээ. Тэгэхээр өндөр хариуцлагатай байх ёстой. Олны өмнө гарчихаад худал хуурмаг зүйл ярихгүй байх ёстой. Маазарсан, хэтэрсэн үйл, үйлдэл хийх ёсгүй.
-Өвлийн өвөө болох бүртээ би хэлэх үгэндээ анхаарч, шинэчлэн найруулж, шинэ зүйл уриалахыг хүсдэг. 2015 оноо угтаад “Хүүхэд, залуус, монголчууд минь зорилготой амьдрал бий болгоё. Зорилго байхад чадахг үй зүйл бидэнд байхгүй. Хамгийн гол нь хичээл зүтгэл. Шинэ ондоо бүгдээрээ хичээгээд, зорилготой амьдарцгаая” гэж уриалан ерөөж байна.
З.МАНЛАЙЖАВ: Саахарын өвчнийг минь эдгээж өгөөч, сагсайсан цагаан будаатай хуурга идэж үзмээр байна
Дээрх гурван “өвөөг” монгол түмэн андахгүй. Харин найман настай Манлайжавыг улс даяар мэдэхгүй ч, олон улсын “Найрамдал” төвийн сүлд модны наадамд оролцсон багачууд андахгүй. Дөрвөн настайгаасаа л энэхүү хариуцлагатай ажилд томилогдон, өлмийг өө өргөн байж өөрөөсөө том хүүхдүүдийн духыг үнэрлэдэг догь өвөө. “Жаргалан” цогцолбор сургуулийн 3б ангийн сурагч тэрбээр “Өвөө болох гоё. Хүүхдүүдэд бэлэг өгч, баярлуулдаг болохоор өвлийн өвөө сайхан сэтгэлтэй” хэмээсэн. “Шинэ жилийн баяр жилд хоёр удаа болдог байсан бол гоё” гээд инээх энэ “өвөө”-г харсан зарим хүүхэд “Хөөх, өвлийн өвгөн ийм жаахан байдаг юм уу” гэж уулга алдаж байсан гэнэ. Тэрбээр бидний асуултад ийнхүү хариулав.
-Өвлийн өвөө байдагт итгэдэггүй хүүхдүүд намайг хараад “Нээрэн өвөө байдаг юм байна” гэж итгэх нь гоё.
Өвлийн өвөө үнэхээр байдаг шүү дээ. Би жаахан байхдаа (дөрвөн настайдаа) өвөөд нэг хүслээ шивнэсэн. Саахарын өвчнийг минь эдгээж өгөөч, сагсайсан цагаан будаатай хуурга идэж үзмээр байна. Бас бүх амттаныг дураараа идэхийг хүсэж байна гэж хэлсэн юм л даа. Одоо би том болсон учраас хамаагүй юм идэж, ууж болохгүйг сайн мэднэ. (Хоёр настайгаасаа чихрийн шижингээр өвдсөн тэрбээр хатуу дэглэм барьдаг тухай эмээ нь нулимстай өгүүлсэн)
-Өвлийн өвөөгийн хувцас нь хамгийн гоё шүү дээ. Өөрчлөх хэрэггүй байх аа. Энэ жил би монгол өвөө болсон. Цагаан дээл, цэнхэр нөмрөг нь ямар гоё гээч.
-Өвлийн өвөөгийн хариуцлага гэдгийг сайн ойлгохгүй байна, эгч ээ. Жаахан байхдаа би нэг удаа тайзны ард унтчихсан байсан л даа. Гэхдээ тоглолт эхлэхээс өмнө Отгоо багш хүүхдүүд явуулаад намайг сэрээсэн шүү дээ. Бас том болоод, өндөр болчихвол өвлийн өвөө байхаа болих байх.
-Өвлийн өвөө болж бэлэг өгөөд хүүхдүүдийг үнсэхдээ бараг үсэрдэг дээ. Хүмүүс хараад инээдэг.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ