19 дэх удаагийн “Бүргэдийн баяр-2025” наадмыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Уг наадамд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас болон Казахстан, Киргиз улсаас нийт 24 бүргэдчин оролцсон юм байна. Эл наадмаар дамжуулан казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохыг зорьдог билээ. “Бүргэдтэй парад” зохион байгуулснаар наадмын үйл ажиллагааг нээдэг. Уг жагсаалын үеэр хамгийн чамин хувцас, морины тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг. Мөн оролцогчид бүргэдээ хэрхэн сайн гаршуулснаараа өрсөлддөг онцлогтой. Энэ оны тухайд шонхор шувууны шоу тоглолт ч зохион байгуулжээ. Мөн казах тоглоом наадгай, эдлэл хэрэгсэл, хувцас зэргийг танилцуулах, гар урлалын үзэсгэлэн худалдаа ч наадмын талбайд байсан юм.
Ташрамд дурдахад, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 2010 онд албан ёсоор бүртгэжээ.
А.Үүл