Эрүүл мэндийн яам энэ сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож, нарийн мэргэжлийн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх 17 төрлийн үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 200 орчим, Чингэлтэйд 447, Сонгинохайрханд 211 ахмад настныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ. Эл үзлэгийг бүх дүүрэгт үргэлжлүүлэн хийх бөгөөд Улсын I, II, III төв эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөж. Тодруулбал, дотоод шүүрэл, мэдрэл, мэдрэлийн мэс засал, сэтгэл судлал, уушги, харшил, хэвлий, зүрхний ЭХО, ходоодны дуран, хоол боловсруулах зам, хэрх үе судлал, хавдар, зүрх, судас, зүрхний цахилгаан бичлэг, бөөр, чих, хамар, хоолой, нүд, үений мэс засал, бүдүүн, шулуун гэдэс болон амны хөндийн зэрэг 17 төрлийн үзлэг, оношилгоо хийж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор олон иргэн цахим орчинд бухимдлаа илэрхийлсээр байна. Тухайлбал, зарим иргэн “Ахмадуудад зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хэнд ч мэдэгдэхгүй, нууцаар зохион байгуулж байна” гэх бол нөгөө хэсэг нь “Санаачилсан ажлаа үр өгөөжтэй харагдуулахын тулд үзлэгт хамрагдсан иргэдийн тоог нэмж хэллээ” гэж байв.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийг өнгөрсөн бямба гарагт зорилоо. Тус төвийн хаалгаар дөнгөж ороход үүдэнд нь хоёр эмч суух бөгөөд тэд ахмадуудын даралтыг үзэж, аль хороонд оршин суудаг, хэн гэдгээс нь эхлээд шаардлагатай мэдээллүүдийг нь цуглуулан бүртгэж байв. Цааш хонгилоор явбал ойролцоогоор 15 орчим ахмад настан үзүүлэх ээлжээ хүлээн сууна. Тус төвд ирсэн өндөр настны олонх нь ажлын өдрүүдэд шаардлагатай шинжилгээгээ өгчхөөд, өдгөө эмчдээ үзүүлж, зөвлөгөө авахаар хүлээж буй нь энэ аж. Хүйтний эрч суларсан ч ханиад, томууны тархалт өндөр хэвээрээ, бас Цагаан сарын баяр дөхөж буйтай холбоотойгоор эл төвөөр үйлчлүүлэх иргэдийн цуваа тасрахгүй. Зөвхөн ахмадууд бус, ханиад, томуу хүрсэн, халуурсан олон хүн эл төвийг бараадна. Тиймээс ээлжээ хүлээн суух ахмад бүрд нэг удаагийн амны хаалт зүүлгэн, гарыг нь ариутгуулж байлаа.
Шинжилгээний бичгээ тас атган, эмчээс юу асуухаа нэгд нэгэнгүй биччихээд дарааллаа хүлээн суух нэгэн бол Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт цус, шээсний ерөнхий болон биохимийн шинжилгээ өгчээ. Цагаан сар болохоос өмнө биеэ үзүүлж, оношлуулан, шаардлагатай эм, тариагаа бичүүлэхээр ирсэн нь энэ юм. “Ахмадуудын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулж буйд талархаж байна. Бидний олонх нь ач, зээгээ хардаг учраас гэрээсээ тэр бүр гарч, эмнэлэгт дугаарлах боломжгүй. Тиймээс шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ хангалттай авч чаддаггүй. Тэгтэл өнгөрсөн даваа гарагт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч утсаар залгаад ийм үзлэг, оношилгоо хийх гэж буй талаар мэдээлэл өглөө. Тэгээд л лхагва гарагт шинжилгээгээ өгчхөөд, өнөөдөр ирлээ. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж гарсан дээр нь гээд асуух шаардлагатай зүйлсээ биччихсэн. Цаас, үзгээ ч аваад ирсэн болохоор зөвлөгөөгөө бичиж авна” гэж тэрбээр хэллээ. Түүнтэй адил эмчээс асуух зүйлсээ бичиж ирсэн хүн цөөнгүй байлаа. Зарим нь ач, зээгээ дагуулан ирж, заавар зөвлөгөөг нь эмчээр сайтар тайлбарлуулах аж.
209 иргэнийг хяналтад авч, 82-ыг нь лавлагаа шатлалын эмнэлэгт хүргэжээ
Ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй хүн хэр олон байгаа болон одоогоор хэдэн иргэн хамрагдсан талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийнхнөөс тодруулахад “Ахмад настнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог энэ сарын 12-ноос эхлүүлж, Өрхийн эрүүл мэндийн төвийнхөнтэй хамтран бямба гараг бүр зохион байгуулж байна. Ингэхдээ зорилтот бүлгийн буюу нэн шаардлагатай гэж үзсэн ахмадуудаа үзлэгт хамруулахыг зорьсон. Одоогоор 1-8 болон 14-15 дугаар хорооны ахмад настнуудыг хамруулсан. Нийт 600 ахмад настнаас 315 эмэгтэй, 132 эрэгтэй буюу 447 нь эл үзлэг хийлгэв. Үүнээс 209 иргэнийг хяналтад авч, 82-ыг нь лавлагаа шатлалын эмнэлэгт хүргүүлсэн. Мөн ахмадуудад зөвлөгөө, мэдээлэл өгч үзлэг, оношилгоо хийхээр 52 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Ингэхдээ бид шүд, чих, хамар, хоолой, урологи болон дотрын үзлэг хийж буй. Түүнчлэн биохими, цус, шээсний ерөнхий шинжилгээ, рентген, ЭХО зэрэг зургаан төрлийн шинжилгээ авлаа. Энэ үзлэгийг бямба гарагт зохион байгуулж буйн гол шалтгаан нь эмч, ажилтнуудын болон ахмадуудын цаг завтай холбоотой. Учир нь ажлын өдрүүдэд тэдний олонх нь ач, зээгээ хараад завгүй байдаг. Харин шинжилгээгээ ажлын өдрүүдэд өгөх боломжтой. Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан дараагийн үзлэг, оношилгоог ирэх сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөлөө. Ингэхдээ 7-11, 13, 20 дугаар хорооны ахмадуудыг хамруулна” гэсэн юм.
Бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой
Тус төвийн салбарын эрхлэгч Д.Эрдэнэжаргал “Манай дүүрэг Эрүүл мэндийн сайдын А28 дугаар тушаалын дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ахмад настнуудыг хамруулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Дээрх тушаалын дагуу 17 төрлийн оношилгоо хийж буй. Ингэхдээ бид Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын судалгааны дагуу эрсдэлт бүлгийн ахмад настнуудыг шинжилгээ, оношилгоонд хамруулж байгаа юм. Бид аль болох иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүх үзлэг, оношилгоогоо төв салбартаа хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ийш тийш явах шаардлагагүй, нэг дороос бүх үйлчилгээгээ авах боломжтой гэсэн үг. Тиймээс ахмадууд ч өргөнөөр үйлчлүүлж байна. Ер нь өндөр настнуудыг эрсдэлт бүлэгт хамруулан үздэг. Иймд элдэв өвчин, эмгэгийг нь эрт илрүүлж, түргэн шуурхай эмчлэхээр зорьсон юм. Ахмадыг ингэж эрт илрүүлэгт оруулж, өдрийн эмчилгээнд хамруулснаар амьдралын зөв зохистой хэв маягт шилжүүлэхэд дөхөм болдог. Энэ хугацаанд үйлчлүүлсэн ахмадуудад голчлон чихрийн шижин, зүрх, судасны өвчин түгээмэл ажиглагдсан” хэмээв.
Тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Цолмон “Би цус болон биохимийн шинжилгээгээ өнгөрсөн мягмар гарагт өгсөн. Өнөөдөр үзлэгтээ орж байна. Энэ төрлийн үзлэг, оношилгоог нарийн мэргэжлийн эмч нартай хамтран тогтмол зохион байгуулбал маш хэрэгтэй санагдлаа. Учир нь бид тэр бүр төвийн эмнэлэг бараадаж, үзлэг, оношилгоонд хамрагдаж чаддаггүй. Хаана, юу өвдөж байгаагаа мэддэг ч эмнэлэгт үзүүлэх боломж хомс учраас дур мэдэн л эмчилдэг юм. Өрхийн эмнэлэгтээ очлоо гэхэд үргэлж хэлдэг хэдхэн үгтэй. Дандаа л дүүргийн эмнэлэгтээ үзүүл гэнэ. Гэтэл дүүргийн эмнэлэг дараалал ихтэй шүү дээ. Дараагийн удаа ахмадын эрт илрүүлэг зохион байгуулахдаа нүдний уг дурандах, үе мөчний үзлэг, оношилгоог нэмэх хэрэгтэй. Бидэнд хамгийн их тулгардаг асуудал нь хараа болон үе мөч муудах” гэлээ.
Шөнө нь зар тараачхаад, өглөө нь 180 ахмадыг үзлэгт хамруулсан гэв
Тус төвөөр үйлчлүүлсэн ахмадуудын олонх нь сэтгэл дүүрэн байсан. Гэвч зарим иргэн цахим хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлэв. Тухайлбал, “Ахмадуудыг үзлэг, оношилгоонд хамруулж буй талаар огт мэдээлэл аваагүй. Мөн зөвхөн эрсдэлт бүлгийн ахмад настнуудыг хамруулж буй нь харамсалтай. Хан-Уул дүүрэгт л гэхэд шөнө нь зар тараачхаад, өглөө нь 180 ахмадыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулснаа мэдээлсэн байна. Уг нь 18-40 насныхан мэдээлэлтэй хамгийн ойр үеийнхэн шүү дээ. Гэтэл тэд юу ч мэдээгүй. Тиймээс аав, ээжийгээ энэ үзлэгт хамруулж чадаагүй. Саяхан мэдчихээд үзүүлье гэхэд зөвхөн бямба гарагт л ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр нь энэ бямба гарагт үзүүлье гэтэл Цагаан сарын амралт таарсан, гуравдугаар сарын 15-наас хойш ирээрэй гэж байна. Ер нь хэн ч мэдээгүй байхад яаж 180 хүн үзлэгт хамруулсан нь эргэлзээтэй. Зүгээр л ажлаа үр өгөөжтэй харагдуулахын тулд энэ мэтээр тоог нь нэмж байна. “Ахмадуудын эрүүл мэндийг дэмжих сар” гэсэн нэртэй атлаа зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй л байна шүү дээ” хэмээсэн байв.
У.Сүрэн