Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийнхэн олон улсын шилдэг судлаач, эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран хоёр жил тутамд “Амьд ертөнцийн тайлан” гаргадаг билээ. Тус байгууллагууд ээлжит тайлангийнхаа үр дүнг энэ сарын дундуур танилцуулав.
Судлаачид дэлхий дээрх амьд организмын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрч, зарим нь устаж, судлагдаагүй, эмзэг байдалд буй олон төрөл, зүйлийн амьтан бидэнд анзаарагдахгүй “алга болж” байгааг баримт нотолгоотойгоор олон улсад зарлав. Сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурчээ. Тодруулбал, энэ хугацаанд 5000 гаруй төрөл, зүйлийн 35 000 популяц устаж, үгүй болсон гэнэ. Хуурай газрын амьтад 1970 оны үеийнхээс 69, цэнгэг усных 85, далайнх 56 хувиар цөөрсөн аж. Эдгээр нь амьдрах орчныхоо онцлогоос шалтгаалаад жилд дунджаар 1.6-3.8 хувиар цөөрч буйг судлан тогтоожээ.
Амьтны популяцын хорогдол Латин Америкийн бүс нутагт хамгийн их буюу 94 хувьтай байгаа нь биологийн олон янз байдалд аюул учруулах хэмжээ гэдгийг тайланд дурджээ. Түүнчлэн Арктикт уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй үргэлжилж буйгаас цас, мөс хурдацтай хайлж, далайн хүчиллэг байдал нэмэгдэж байгааг онцлов. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй амьдрах орчны доройтол, цаг уурын хямрал, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалтын эсрэг үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол биологийн төрөл, зүйл цаашид илүү эрчимтэй буурч, дэлхийн улс орнууд 2030 онд хүрэхээр төлөвлөсөн зорилт, амлалтаа биелүүлж чадахгүй болох эрсдэлтэйг судлаачид тэмдэглэжээ.