Унгарын Будапешт хотод үргэлжилж буй 95 дахь удаагийн Олон улсын шатрын холбооны их хуралд Монголын шатрын холбоог төлөөлж их мастер А.Энхтуул оролцож байна. Тус хурлын үеэр Ази тивд томоохон тэмцээн зохион байгуулах асуудлуудыг хэлэлцжээ. Манай улс сурагчдын Ази тивийн АШТ-ийг Улаанбаатар хотод ирэх жилийн наймдугаар сарын 15-25-нд зохион байгуулах эрх авсан байна. Аливаа улс эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах нь цөөнгүй давуу талтай. Тамирчид тэмцээний зардал хэмнэх төдийгүй өөрийн улсад амжилттай өрсөлдөх нөхцөл боломж бүрддэг.
Түүнчлэн 2025 оны тавдугаар сарын 1-10-нд Монголд Азийн 3.3 бүсийн АШТ зохион байгуулахыг Олон улсын шатрын холбоо баталгаажуулжээ. Эл тэмцээнд мэргэжлийн шатарчид өрсөлддөг бөгөөд “Дэлхийн цом”-д оролцох эрх олгодог онцлогтой. Азийн 3.3 бүсийн АШТ-ий үеэр тус бүсийг хариуцсан дарга, Индонез улсын парламентын гишүүн, шатрын их мастер Адионто Утуг ирэх аж. Мөн сурагчдын Ази тивийн АШТ-ээр Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль Нэхьян манай улсад хүрэлцэн ирэх нь.