Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр зохион байгуулах хорооны дарга Т.Эстанге “Та бүхний тусламжтайгаар Парисын олимп олон дээд амжилт тогтоолоо. Хамгийн олон үзэгч, хамгийн чанга дуу чимээтэй спортын ордон гэх мэт. Түүнчлэн Парис хотод хамгийн олон тамирчин сүй тавилаа” гэж өгүүлсэн юм. Үнэхээр ч хайрын хот Парист дараах тамирчид зүрх сэтгэлээ илчилсэн билээ.
• БНХАУ-ын бадминтонч Хуан Яцион наймдугаар сарын 2-нд холимог хосын төрөлд аваргалсан. Энэ үед эрэгтэй хосын төрөлд тоглодог Лян Бэйкен түүний өмнө өвдөг сөгдөн суугаад гэрлэх санал тавьсан. Ийнхүү Лян Бэйкен хосын төрлийн мөнгөн медалиас гадна эхнэртэй болоод нутаг буцав.
• Франц гүйгч Алис Фино олимпоос медаль хүртэж чадаагүй. Гэвч 3000 метрийн халхалттай гүйлтийн уралдаанаа есөн минутад багтааж дуусгажчадвал найз залуу, гурван төрөлтийн тамирчин Б.Мартинест гэрлэх санал тавина гэж төлөвлөжээ. Улмаар А.Фино найманминут58 секунд67 долийн амжилт үзүүлсэн агаад “Стад де Франц” цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудалд сууж байсан найз залуугийнхаа өмнө сөгдөж, сүйн бөгжөө харуулжээ. Мэдээж Б.Мартинес түүний саналыг зөвшөөрсөн.
• Далбаат завины төрөлд өрсөлдсөн хоёр ч бүсгүй гэрлэх санал хүлээж авсан. Хэрэв олимпоос алт, мөнгөн медаль хүртвэл гэрлэх санал тавина гэж С.Стейяр, Ш.Пикон хоёрт найз залуус нь амлажээ. “Парис-2024”-т бүсгүйчүүд хараахан аваргалж чадаагүй. Гэхдээ тэд скиф ангилалд хүрэл медаль хүртсэн агаад найз залуучууд нь эрэг дээр сүйн бөгжтэй угтаж авчээ.
• Сэлүүрт завины төрөлд аваргалсан Ж.Бест амьдралынхаа чухал мөчийг Эйфелийн цамхгийн дэргэд товложээ. Тэрбээр есөн жил үерхсэн найз бүсгүйдээ энд гэрлэх санал тавьсан агаад ойр дотнынхон нь 2738 шар сарнай (тусдаа байхдаа снэп чатаар харилцаж байсан өдрүүдийн тоо) бариад, тэдний аз жаргалтай мөчийн гэрч болцгоосон аж.
• Аргентины гандболын эрэгтэйчүүдийн багийн тамирчин П.Симоне олимпын нээлтийн өмнө нэгэн сюрприз бэлдсэн аж. Зүлгэн дээрх хоккейн эмэгтэй багтай түүний багийнхан зураг авхуулж байхад тэрбээр гэнэт зураг авалтыг зогсоож М.Кампа хэмээх ганд болчин бүсгүйд гэрлэх санал тавьж, зөвшөөрлийг нь авсан байна.
•Италийн уран сайхны гимнастикийн баг хоёр олимп дараалж хүрэл медаль хүртсэн. Бүсгүйчүүдийг медалийн тавцангаас бууж ирсний дараа А.Мауреллийг найз залуу нь бөгж бариад хүлээж зогсжээ. Тэд үерхээд хоёр жил болж байгаа аж.