Японы Засгийн газраас гэрлэлтийг дэмжиж, төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд болзооны аппликэйшн бүтээх саналтай байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Тэгвэл Токио хотын захиргааныхны хиймэл оюун ухааныг ашиглан иргэдээс авсан санал асуулгын дүнд оролцогчдын дийлэнх нь үүнийг дэмжсэнийг “The Asahi Shimbun” мэдээллээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь уг санааг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн “Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа тул илүү найдвартай байх болно” гэж судалгаанд оролцогчид хариулсан гэнэ. Оролцогчдын насны бүлгийг харахад 18-29 насныхны 64 хувь нь дэмжихээр саналаа өгчээ. Мөн 30-аас дээш насныхны 74 хувь нь болзооны аппликэйшн бүтээхийг дэмжсэн байна. Гэхдээ оролцогчдын 57 хувь нь энэхүү арга нь үр дүнд хүрэхгүй гэж үзсэн аж. Харин 39 хувь нь эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Бэлтгэсэн: А.Төгөлдөр