АН-аас мэдээлэл хийж, шударгаар өрсөлдөн, бодлогоор мэтгэлцэхийг эрх баригч болон бусад намынханд уриалав. Тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр “Эрх баригчид сонгуулийн хууль тогтоомжийг илт зөрчиж байхад эрх бүхий байгууллагууд нь тоохгүй өнгөрч байна. Энэ сарын 11-нд Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн нь өнгөрсөн найман жилд улс орныг удирдсан хүмүүс хуульгүй, зарчимгүй аашилсны илрэл. Иргэний сонгох, саналаа өгөх эрхийг нь дорд үзэж байна. Дээрх үйлдлийг хуулийн байгууллагынхан шалгах ёстой” гээд Ерөнхийлөгчийг эл асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв. Энэ өдөр АН-ын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун болон Шинэ нэгдсэн эвслийнхэн дээрх зөрчлийг шалгаж шийдвэрлэхийг шаардан Сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм.
Мөн АН-ын дэд дарга И.Мөнхжаргал Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оюутнуудад 100 мянган төгрөг тараасан талаар цагдаагийн байгууллагад энэ сарын 10-нд гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлснийг дуулгалаа. Иймд тус намын зүгээс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Тэрбээр эрх баригчид энд тэндгүй мөнгө тарааж байхад хуулийн байгууллагаас гадна Сонгуулийн ерөнхий хорооныхныг ажлаа хийхийг шаардлаа. Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржийн хэлснээр АН болон удирдлагынх нь үйл ажиллагааг харлуулж, үндэслэлгүй мэдээлэл тараасантай холбоотойгоор 35 байгууллагад гомдол гаргасан ч ихэнхийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин эрх баригчдаас тавьсан шаардлагын мөрөөр холбогдох байгууллагууд нь шуурхай ажиллаж, тэгш бус хандаж байгааг тэд эсэргүүцлээ.