Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Агаарын температур зургаадугаар сард баруун бүсийн нийт нутаг буюу Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн бүсэд дунджийн орчим байх нь. Харин хур тунадасны хувьд үүний эсрэг буюу баруун аймгуудад олон жилийн дунджийн орчим, төв, зүүн бүсийн нутгаар ахиу орох төлөв гарчээ.
Долоо, наймдугаар сард төвийн болон зүүн бүсийн аймгуудад агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн, бусад нутагт ердийн түвшинд байх гэнэ. Энэ үед Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод зэрэг аймагт их хэмжээний хур тунадас орох төлөв ажиглагджээ. Харин бусад нутагт олон жилийн дунджийн хэмжээнд бороо хур орох нь.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд зун гэнэтийн, хүчтэй аадар орох нь элбэгшсэн. Тэгвэл 2024 оны зуны улиралд ч гэнэтийн, ус ихтэй аадрын давтамж олшрох төлөвтэйг цаг уурч Б.Жаргалан анхааруулав. Иймд хөдөө, орон нутаг руу аялал, ажлаар явахаар төлөвлөж буй иргэд, малчид, тээвэрчид, тариаланчдад цаг уурын эрсдэлээ тооцоолохыг зөвлөлөө.
Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар Орхон, Чулуут, Онги, Хойд Тамир, Шишгэд голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30, Идэр, Сэлбэ, Ховд, Буянт, Хариг, Үенчийнх 5-20 см-ээр нэмэгдэн, Булган гол Байтаг богд орчимд үерийн аюултай түвшнийг 10 см-ээр даваад байв.