Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сарынхаас 4.5, түрүүчийн долоо хоногийнхоос 1.7 хувиар өссөн дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Төрлөөр нь авч үзвэл хонь, үхрийн махны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-нд нийслэлд хонины ястай махыг кг-ыг нь 14 628 төгрөгөөр борлуулж байсан бол долоо хоногийн дараа 4.8 хувиар өсөж, 15 328 төгрөг болжээ. Харин үхрийн ястай махны үнэ 4.1 хувиар өсөж 18 865 төгрөг болсон байна. Төмсний үнэ 1.4, талхных нэг, савласан тараг, цөцгийний ханш 0.3 хувиар тус тус өсжээ.