Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдынхаа сэтгэл зүйн байдлыг дэмжих, уламжлалт ёс заншлаа дээдлэх, төлөвлөлт зохион байгуулалттай өрх гэрийн эзнийг бэлтгэх хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай нягт хамтран ажилладаг билээ.
Тодорхой хугацааны давтамжтай сургалт дадлагуудыг хамтран явуулж, хугацаат цэргийн алба хаагчдадаа зөв эр хүн, өрхийн тэргүүн байх суурь зарчмуудын талаар хамтарсан сургалтуудыг өрнүүлж яваа байгууллагууд юм.
Энэ удаа “Эр цэрэг-Монгол өрхийн тэргүүн” аяны хүрээнд Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон болон “Насан туршдаа суралцахуй” төвүүдтэй хамтран өрхийн тэргүүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх замаар сэтгэл зүйн болон эрүүл мэндийн хувьд бие даасан ухамсарт эр хүнийг бүтээлцэх зорилгоор “Угийн бичиг хөтлөх арга зүй, түүний ач холбогдол”, “Сэтгэл нэмье” бүлгийн ярилцлагуудыг зохион байгууллаа.
Сургагч багш нар "Хувь хүн өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал. Хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал нь ангийн хашаанаас эхлэхгүй. Бахархалт хүүгээ хүлээж суугаа таны гэр бүлийн харилцаанаас ч бас эхэлнэ. Энэ цаг үед бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн бэлтгэлжилт хамгийн их хэрэгтэй” гээд халагдаж очоод хариуцлагатай зөв эр хүн байхын төлөө хичээхийг захилаа.
Дэслэгч Б.НОМИНЖИНГОО