Японы “Bold bio technology” компанийнхан монгол айргаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нэвтрүүлжээ. Тус компанийнхан айргаас үүдэл эс гарган авах судалгааг амжилттай хийсэн байна. Судалгааныхаа үр дүнд гарган авсан үүдэл эсийг найрлагад нь багтаасан “Airag exosome” нэртэй, чийгшүүлэгч үйлчилгээтэй тос бүтээж, өдгөө “Amazon”-оор борлуулж буй аж. Энэхүү бүтээгдэхүүн нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна харшил намдаах, шарх эдгээх “шидтэй” гэнэ. Манай улсаас “Хөх үүр агро” компанийнхан айргийг нь нийлүүлэх аж. Одоогоор 500 тн айраг нийлүүлэхээр гэрээ байгуулснаа “Хөх үүр агро” компанийнхан мэдээлсэн. Уг компани нь Булган аймгийн Могод, Сайхан зэрэг айргаараа алдартай сумаас бүтээгдэхүүнээ авдаг юм байна.
Бэлтгэсэн: А.Үүл