БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойгоо Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.
Эл өдөр цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн тангараг давтаж, даян дэлхийн энх тайвны төлөөх ариун үйлсэд бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулж монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ мадаггүй сайн биелүүлж, цэргийн багийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг хангахад үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаараа хамт олноо манлайлан идэвх санаачилгатай ажиллаж буй салбар, салаа, цэргийн алба хаагчдыг мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар сайшааж урамшуулсны зэрэгцээ ЗХЖШ-ын дарга, Төрлийн цэргийн командлагч нарийн тушаалаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгогдсон цэргийн алба хаагчдад цолыг нь ажиллагааны газар оронд гардуулан өгөв.
Түүнчлэн батальоны захирагчаас “UNMISS” ажиллагааны хүчний командлагчид хүсэлт гаргаж уламжлуулсны дагуу цэргийн багаас томилогдсон мотобуудлагын салааны бүрэлдэхүүн “Шуурхай бүлэгт томилогдсон мотобуудлагын салааны онцгой нөхцөл дэх хориглох байлдааны ажиллагаа” сэдвээр салааны хоногийн сургуулийг жижиг бүлгийн тактикийн түргэн буудлагын дасгал боловсруулахтай хослуулан 2024 оны 03 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд Жуба хот дахь БНӨСУ-ын Үндэсний цагдаагийн албаны буудлагын талбайд тус тус зохион байгуулж явууллаа.
Цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгч
Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ