Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/236, А/189, А/80 дугаар хамтарсан тушаалаар “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ, төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Мөн тушаалын гуравдугаар хавсралтаар бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих салбар дундын хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг
бүхий “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийг байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүлэн ажиллаж байна. Тус зөвлөл өнөөдөр хуралдаж, төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцүүлж, 2024 оны төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцан цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Энэ хүрээнд “Эс Ай Си Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг судалгааны багийн зөвлөх Т.Булганзаяа, Т.Цэндсүрэн, Э.Должин нарын хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар хийсэн “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хариу үйлдэлт асаргаа халамж судалгаа”-г, “Бүүвэй өртөө төсөл”-ийн багийн гишүүн А.Мөнх-Оргил “Нярай хүүхэд, хөхүүл ээжид зориулсан өрөөний ерөнхий шаардлага стандарт”-ын төсөл танилцуулав.
Хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Зөвлөлийн тэргүүнээс холбогдох оролцогч талуудад үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Н.Баярмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.