“Улаанбаатар хотын музей гэж часхийсэн үзмэртэй ч жижигхэн, ихэд хуучирч муудсан байшин бий. Гурван мянга гаруй үзмэртэй ч 100 гаруйхныг нь дэлгэдэг. Ноднин засварын зардалд нь зориулж 100 сая төгрөгийг нийслэлийн ерөнхий менежерийн багцаас гаргах болсон ч нэг түшмэлийн хүнд суртлын улмаас өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байх юм. Жорлон нь өвлийн хүйтэнд мөсөн зоорь мэт байна. Музейгээ тордож чадахгүй бол хотын аялал жуулчлал яаж хөгжих вэ” хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр цахим хуудсандаа бичсэн байв. Нийслэл өнөөгийн өнгө төрхөө олох хүртлээ ямар замыг туулсныг Улаанбаатар хотын музейгээс үзэж болно. Гэвч холбогдох байгууллагынхан нь музейд ер анхаардаггүйгээс үзмэрүүд нь устах аюул нүүрлээд байна. Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний дэргэд байрлах уг музейн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Улаанбаатар хотын музейн барилгыг буриад худалдаачин Цогт Бадамжав 1918-1919 онд орон сууцын зориулалтаар бариулжээ. Тэрбээр уг барилгад 1932 он хүртэл амьдарч байв. Түүнээс хойш төрийн үйл хэрэг явуулахад ашиглаж байсан аж. Харин музейн зориулалтаар ашиглаж эхэлсэн нь 1956 он юм байна. Улаанбаатар хотын музейн дээврийн хэсэгт хөмөрч тавьсан бор модон ширээ бий. Оросын хаан ширээнээсээ буусныг бэлгэдэн Цогт Бадамжав тийнхүү ширээ хөмрүүлэн тавьсан нь өдгөө ч хэвээр хадгалагджээ.
Музейн барилга уг нь ногоон өнгөтэй. Гэвч он цагийн аясаар будаг нь гандаж, сааралдуу болжээ. Үзвэрийн танхимд 120 гаруй үзмэр бий. Эдгээрийн он цаг нь нийслэл хүрээ байгуулсан үеэс эхэлнэ. Уг танхим нь зай талбай багатай учраас үлдсэн 3500 гаруй үзмэрийг музейн санхөмрөгт хадгалж байгаа гэнэ. Түүнчлэн зуны улиралд үзвэрийн танхимын дээврээс нь ус гоожиж, ховор нандинэ дөлгийн зүйлсэд аюул учруулдаг аж. Мөн хаврын улиралд ч цас хайлж, дээврээс дусаал гоожих нь ч бий. Үүнээс гадна өнгөрсөн жил бохирын хоолой нь хоёр удаа ч задарснаас сан хөмрөгт нь аюул учруулжээ. Шугам хоолойг засуулах хүсэлтийг Ус сувгийн удирдах газрынханд удаа дараа тавьсан ч төсөвгүй гээд хөдлөөгүй гэнэ. Тиймээс музейн ажилтнууд өөрсдөө янзалснаа захирал П.Даваасүрэн хэллээ. Музейн сан хөмрөгийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж буйг түүнээс тодруулахад “Бид нөөц бололцоогоороо тордож байна. Уг нь стандартаар бол дурсгалуудыг тус тусад нь тавиур дээр тавих ёстой. Гэвч зай талбай муутайгаас багтах, шингэх газарт нь л бөөгнөрүүлэн байрлуулдаг. Манай сан хөмрөгт Ардын уран зураачдын хосгүй үнэт бүтээлүүд ч бий шүү дээ” хэмээлээ. Ийнхүү тус музей зун нь усанд автаж, өвөл бохиртоо “дарлуулж” байдаг аж. Нийслэлийн түүхийн дурсгал ийм маягаар устах аюултай байнга тулгарсаар буй юм. Гэтэл холбогдох албаныхан нь “Монголд зочлох жил” хэмээн уриалсан хэрнээ гадаадаас ирэх жуулчдын урсгалд л анхаараад, дотоод нөхцөл байдлаа тоохгүй байна.
Улаанбаатар хотын музей хавар, намрын улиралд үйлчлүүлэгч ихтэй байдаг аж. Зуны улиралд жуулчид, хавар, намарт сурагч, оюутнууд үйлчлүүлэх нь элбэг. Харин бусад үед үйлчлүүлэгч цөөн байдгийг музейн тайлбарлагч хэллээ. Тус музейгээр үйлчлүүлэхэд том хүн 3000, оюутан 1500 төгрөг төлдөг. Энэ орлогоо тэд хотын төсөвт “тушаадаг” юм билээ. Уг нь орлогыг музейд нь үлдээвэл ядаж л ариун цэврийн өрөөгөө засчхаж болмоор санагдсан. Учир нь олон үйлчлүүлэгч ирэх үед тулгардаг нэг асуудал нь угаалгын өрөөний хүрэлцээ, орчин нөхцөл юм байна. Дотогш ороход л бохирын эвгүй үнэр ханхалж байв. Бас хүрэлцээ тааруу учраас зарим үед ажилчид, үйлчлүүлэгч нар нь угаалгын өрөө орохоор дугаарлан зогсох нь ч бий.
Эл музейг сэргээн засварлах шаардлагатайг ажилтнууд нь нийслэлийн үе үеийн дарга нарт уламжилж байжээ. Музейн нөхцөл байдал үнэхээр хүнд, дурсгалууд аюулд учраад буй талаар тэд удаа дараа учирлан, гуйсны дүнд уржнан жил л албаныхан ирж үзсэн гэнэ. Ингээд камертай болгож, ажилтнуудад нь компьютер өгөхөөр шийдвэрлэжээ. Тийнхүү амласан ажлаа нэг жил сунжруулан байж арайхийн хэрэгжүүлсэн гэнэ. Түүнээс өөрөөр музейд анхаарсан тохиолдол сүүлийн жилүүдэд огт үгүй.
Музейн шинэ барилгын зураг төслийг 2019 онд гаргасан байдаг. Гэвч барих хөрөнгийг нь нийслэлийн төсөвт тусгахгүй байсаар өдий хүрчээ. Зураг төсөлд өнөөгийн байрны загварыг хэвээр нь хадгалан үлдээж, өргөтгөл барихаар тусгажээ. Гэсэн ч барилга барих, засварлах ажлыг хойшлуулсаар байгаа аж. Энэ талаар албаныхнаас тодруулахыг хүссэн ч хариуцах, хариулах эзэн олдсонгүй. Ядаж засварын ажлынх нь зардлыг нийслэлийн төсөвт тусгах, эсэхийг асуухад “Гурван том асуудлыг энэ удаагийн төсвийн тодотголоор хэлэлцэж байгаа. Музей мэтийн жижиг асуудал багтахгүй” гэцгээв.
Гадаадын улс орнуудад соёлын өвд тооцогдох хуучны барилгынхаа хэв загварыг хадгалж, жуулчдын очих дуртай газар болгосон жишиг цөөнгүй. Харин манай дарга нар хуучны барилгуудаасаа ичсэн мэт шийдвэр гаргаж, нураана, буулгана гэдэг жишиг тогтлоо. Нийслэлийн түүхийг өгүүлэх Улаанбаатар хотын музейг тартагт нь тултал навсайлгаж байгаад нэг л өдөр нураана гэх вий дээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн