Баруун нарангийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” компани “Jiayou international logistics” групптэй нүүрс экспортын чиглэлд хамтрахаар болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан компани байгуулах бөгөөд үүнд зориулан “Jiayou international logistics”-ээс 88.8 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон аж. Ингэснээр дээрх уурхайгаас өмнөд хөрш рүү ирэх 5-10 жилийн хугацаанд нийт 17.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлохыг зорих гэнэ.
Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jiayou international logistics” нь Төв Ази, Африк, Европ, Хойд Америкийн 60 гаруй оронд экспортын тээвэр, дэд бүтэц, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Далайд гарцгүй манай улсын дэд бүтцийн хөгжил сул. Тэгвэл дэд бүтэц, ложистикийн нэгдсэн шийдэл бүхий, туршлагатай энэхүү компанитай хамтарснаар “Хангад эксплорэйшн” бүтээгдэхүүнээ томоохон зах зээлд борлуулах цар хүрээгээ тэлэх боломжтой хэмээн үзжээ. Түүнчлэн эл хамтын ажиллагааны хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн нүүрсний экспортын нээлттэй, цахим арилжааны ханшийг үндэслэн борлуулалтын үнийг тогтоохоор тохиролцсон аж. Энэ нь нүүрсний нийлүүлэлтийн үнийг олон улсын жишигт хүргэхэд ач холбогдолтой юм.