Компанийн тухай хуулийн 46.5-д зааснаар хувьцаат компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хуульд тусгасан хугацаа дуусгавар болсон буюу уржигдрын байдлаар 60 гаруй хувьцаат компаниас дээрх шийдвэрийг хэрхэн гаргаснаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. Тэдгээрийн 39 нь 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1, дараа жил нь 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, өнгөрсөн онд 303.07 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан юм. Тус хороо үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж буй аж. Тухайлбал, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр компанийнхаа байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгуулсан гэлээ. Ташрамд дурдахад, сүүлийн гурван жилд олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компанийн 10 нь 457.6 тэрбумын ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.