“Ядуурлын түвшин-2022” судалгаа хийснээ ноос (ҮСХ) өчигдөр танилцууллаа. Манай улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувь болсон байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 0.7 хувиар л доошилсон үзүүлэлт юм. Насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 090 төгрөгөөс бага тохиолдолд тухайн иргэнийг ядуурлын шугамаас доогуур гэж үзсэн бөгөөд ийм хүн амын тоо 914.2 мянгад хүрчээ. Эл шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь нь нэмж ядууралд өртөхөд ойрхон байгаа гэнэ.
Ядуурлын түвшнийг бүсээр нь харвал баруун бүсэд хамгийн өндөр буюу 36.5, зүүнд 35.3, хангайд 33.5, төвийнхөд 24.6, Улаанбаатарт 21.6 хувь байсан аж. Түүнчлэн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын тархалтыг харвал 18 хувь нь баруун, 22 нь хангай, 13 нь төв, ес нь зүүн, 37 нь Улаанбаатарт ногдсоныг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг дурдлаа.
Ташрамд дурдахад, энэхүү судалгааны үзүүлэлтийг улсын хэмжээнд нэг жилийн турш цуглуулсан бөгөөд 23 мянган өрхийг хамруулсан аж. Ингэхдээ өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны асуулгыг сайжруулж, өөрчлөлт оруулжээ. 2013 онд баталсан “Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал”- ыг энэ онд шинэчилсэн байна. Мөн ядуурлын суурь оныг шинэчилжээ. Тодруулбал, өмнө нь ядуурлын шугамын суурь он 2010 байсныг 2022 он болгосон гэнэ. Эл судалгааг ҮСХ, Дэлхийн банк хоёр жил тутамд хийж, танилцуулдаг билээ.