2022 оны зургаадугаар сарын 4-ний өглөө эрт Японы эрэгт бага шиг моторт онгоц хүрч ирэв. Зургаан метр урт тэр хөлгөөс наранд борлосон ахимаг насны эр бууж ирснээ малгайгаа авч, өөрийг нь тоссон хүмүүст хэдэнтээ мэхэсхийв. Энэ бол Номхон далайг зогсолтгүй ганцаараа туулсан хамгийн өндөр буюу83-настай Кеничи Хори байлаа. Тэрбээр Сан-Францискогоос гарч 69 өдөрт 8.5 мянган километр зам туулжээ. Тэгэхдээ энэ нь Хориг алдаршуулсан цорын ганц аялал биш. Өнгөрсөн амьдралдаа энэ япон эр дэлхийг тойрч амжсан, хэд хэдэн дээд амжилт тогтоосон, түүгээр ч барахгүй шар айрагны лаазаар хийсэн хөлгөөр далай туулсан хүн юм.
Агуу нээлт хийх, адал явдалтай учрах мөрөөдөл ихэнхдээ хүүхдүүдэд л байдаг, үд хэвийсэн насанд бол энэ мэт холын санаашралыг хойш тавьж, арай илүү ойр юманд сэтгэл алдардаг гэх үзэл бодол түгээмэл байдаг л даа. Харин Осака хотын машины сэлбэгийн худалдаа эрхэлдэг хүний хүү Кеничи Хоригийн хувьд бүх юм шал өөрөөр эргэсэн байна. Хүүхэд байхдаа Хори өөрийгөө ер нь Колумб болно гэж төсөөлж байсангүй, усанд ч бусдаас илүү хорхойсдоггүй байв. 45 метрээс илүү хол сэлдэггүй, гэр бүлээрээ далай, тэнгис дээр очиход эрэг дээр үлдэхийг илүүд үздэг байжээ. Тиймээс ахлах сургуульд байхдаа моторт онгоцны клубт элсэхээр шийдсэн нь ойрын хүмүүсийг нь гайхахад хүргэсэн байна.
Аялагч маань“Номхон далайд ганцаараа” номдоо бичсэнээр бол тус клубт өөрийгөө саатуулах гэж л орсноос биш, хөлөг онгоц жолооддог болох гэж ер хүсээгүй аж. Эхлээд клубийн хичээл сургалт түүнд тун бэрх санагдаж байлаа. Дэг журам нь айхтар чанга, зуны дадлагын үеэр сурагчид өдөр амралт завсарлагагүй 13 цагийг өнгөрөөнө. Гэхдээ Хори шантарсангүй, үүний ачаар 30 сурагчаас ганцаараа зуны дадлагаа амжилттай дуусгаж, үргэлжлүүлж суралцав. Хоёр жил өнгөрөхөд үндсэн бэлтгэлээ дуусгаж, онгоц жолоодох дадлагатай, тэнгисийн хөлгийн бүтцийн талаар суурь мэдлэгтэй болсон байлаа. Өөрийнх нь хэлснээр моторт жижиг хөлөг онгоц гэгч амьдралынх нь салшгүй хэсэг болох нь тэр. “Далай тэнгис рүү гэх сэтгэл гижигдсэн хорхойсол надад бий болж, ус руу орох бүрдээ эргээс аль болох холдож, Номхон далайн зах хязгааргүй орон зайг мөрөөднө” гэж Хори хожим нь бичсэн байдаг. Шинэ мэдлэг рүү тэмүүлэх шуналд автсан хүү далай тэнгист аялах, усан замын тухай ном, зураг цуглуулж, сонин дээр гарсныг нь хайчилж авч, алдар нэртэй аялагчдын түүх, намтрыг унших болсон байна. 1952 онд хийлсэн завиар Атлантын далайг туулсан франц эмч Ален Бомбарын түүх сэтгэлийг нь бүр эзэмдэж орхижээ. Цаг хугацаа явсаар, Хори клубтээ хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож байсан ч илүү том зүйл тэмүүлэх эрмэлзэл нь улам хүчтэй болсоор.
Ийм аялал тэнгисээр явах асар их чадвар, дадал шаардахын зэрэгцээ ихээхэн хөрөнгө зардал хэрэгтэй болохыг Хори сайн ойлгож байлаа. Гэлээ ч залуу хүүгийн мятаршгүй мөрөөдөл бодит төлөвлөгөө болж хувирсан байна. Ингээд эцгийнхээ дэлгүүрт сард 10 мянган иен (28 ам.доллар)-ий цалинтай ажиллаж эхлэв. Дөнгөж дунд сургууль төгссөн залуугийн хувьд хөлөг онгоц худалдаж авах мөнгө цуглуулна гэдэг жинхэнэ сорилт байлаа. Хуримтлал маш удаан ахицтай, өөрийн гэсэн хөлөг онгоцтой болж чадахгүй юм шиг санагдана. Гэвч хэдэн жил өнгөрөхөд хураасан мөнгө нь400 мянган иен буюу 1.1 мянган ам.доллар болсноор Хори хөдөлж эхэлжээ.
Хөлөг онгоц бэлтгэхийг танил инженер-зохион бүтээгч Акира Йокоямад итгэж даалгав. “Сирена” (Дохио) гэдэг аятайхан нэртэй далайн хөлөг онгоцны их биеийг модоор хийсэн, ганц шургатай байв. Хори хөлөгтөө зориуд мотор тавьсангүй, учир нь замд тохиолдох “адал явдал маань огт осолгүй” болчихно гэж үзэж байв. Түүний бодлоор ийм онгоцоор аялагчийн жинхэнэ чадвар нь бага зардлаар их үр дүнд хүрэх явдал байлаа. Чухам ийм шалтгаанаар тэрбээр аврах пуужин авч явахаас татгалзсан аж. Залуу мөнгөө гамнах гэж хэчнээн хичээвч, цуглуулсан хэд нь харсаар байтал хорогдоод байдаг. 70 ам.доллароор навигацийн хэмжих багаж, 160 ам.доллароор радио-хайгч авч барометрт зургаан ам.доллар үрэв. Авах хүнсний зүйлээ бичихэд200 шахам нэр төрөл болсны дотор цагаан будаа, гахайн давсалсан мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс, янз бүрийн амттан, ус, кофе, шар айраг гэх мэт оржээ. Түүний бүх анхаарал гагцхүү аялалд бэлтгэхэд чиглэж байлаа. Япон залуу хүний сонирхдог зугаа цэнгэлийн чанартай зүйлд мөнгө ер зарахгүй, уушийн газар орохгүй, хувцас бараг худалдаж авахгүй, хувийн амьдралаа төвхнүүлэхийг ер бодохгүй байв. “Би охид сонирхдоггүйтэй адил тэд ч намайг үл тооно.” Мөрөөдлийнхөө улмаас эцэг, эхийнхээ хүслийг огоорч коллежид суралцахаас ч татгалзжээ.
Бэлтгэлээ бүрэн хангаад байтал шинэ асуудал тулгарав. 1960-аад онд виз авна гэдэг Японд тийм ч амар юм биш байлаа. Хори аялал жуулчлалын ажил эрхэлдэг нэг агентлагт ажилд орж, орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл хүссэн ч бүтдэггүй. Өчнөөн олон түшмэлийн үүд сахиад хүлээж авах хүн олдоогүй тул уг бодлоо даруй орхив. Ингээд иргэний үнэмлэхгүй, халаасандаа таван ам.доллартай, хальт мульт ярианы англи хэлтэй алсын замдаа гарлаа.
“Би хэн ч биш байв. Хүрэлцэх хэмжээний мөнгөгүй, хэлхээ холбоо ч байхгүй нэг залуу. Өөрийн санаанд багтамгүй мөрөөдлөө ярилаа гээд хэн надад виз өгөх вэ дээ. Эцсийн эцэст зах хязгааргүй далайн дунд иргэний үнэмлэх надад хэрэггүй болохыг би ухаарав” хэмээн дурсан ярьжээ. Хори маш “хаалттай”, аялах гэж буйгаа эцэг, эхээсээ ч нуусан атал түүний тухай яриа хүмүүст хүрчихсэн байлаа. Сонссон хүмүүс түүнийг шоолон хөхрөлдөж, амиа хорлогч хэмээн нэрлэж, Эверестэд гарахыг санаархан ууланд дөнгөж авирч эхэлж буй хүнтэй түүнийг адилтгаж байв. Таньдаг далайчид нь хүсээгүй байхад зөвлөгөө өгч, ийм хол зам туулахад онгоц нь хэтэрхий жижигдэнэ, хоол, хүнсний нөөц бага байна, ерөөс ийм амь өрссөн аялалд ганцаар явах ямар хэрэг байгаа юм бэ гэцгээнэ. Хори тэдний үгийг дуугүй сонсох мөртөө бүх юмыг санаснаараа хийж байв. “Зөв болохыг эдэнд харуулна гэж би тэгэхэд өөртөө хэлж байсан”.
23 настай Кеничи Хори 1962 оны тавдугаар сарын 12-нд замдаа гарчээ. Осака хотын Нисиноми хэмээх усан буудалд түүнийг үдэхээр ойрын хэдэн нөхөр нь ирсэн байлаа. Эхний үед цаг агаар түүнээс нүүрээ буруулж, хэдэн өдөр бараг салхигүй байснаас урагшаа маш алгуур ахиж байв. Их усан дунд гав ганцаар байгаа нь түүнд тун ч дасаагүй орчин, клубийн нөхөдтэйгөө хамт яваа гэж өөрийгөө дотроо төсөөлж, байсхийгээд л ганцаар ярина. Өдөр бүр тэмдэглэл хөтөлнө. “Өглөө сүүтэй кофе уулаа, гудас, хөнжил маань их зай эзлэх тул түүнийг эмх цэгцтэй болгохыг оролдов. Хувцас хатаж амжихгүй юм”. Дорно зүгийг зорин цаашлах тусам задгай далайн авир араншингийн талаар улам ихийг мэдэж авч, урьдчилан тааварлахын аргагүй умардын салхи, гэнэтийн шуурга, давлагаа гайхшийг нь барна. Явсаар эцэст нь1962 оны наймдугаар сарын 11-нд “Дохио” хөлөг Калифорнийн эрэгт хүрч, Сан-Франциско хот руу нэвтэрдэг “Алтан хаалга” руу орж явчихав. Хори энэ хотыг санамсаргүй сонгосон юм биш, жижиг онгоц яваад орчиход аюулгүйгээс гадна дэлхийн хамгийн гоё гүүрний нэг нь түүний аяллын эцсийн цэг байгаасай гэх бодол япон эрд төрсөн байлаа. Харамсалтай нь, Америкийн газар нутагт хөл тавьсан эхний өдрүүдэд тэгтлээ сайн сайхан байсангүй. Хори хүлээж байсанчлан хилийн цагдаагийн албаныхан нь түүнийг хараа хяналтдаа авч, энэ цэл залуухан хүн арай аятайхан амьдрал хайж АНУ-д нууцаар ирсэн байж тун болохоор санагдаад байжээ. Хотод нь ер бусын зочин ирснийг мэдээд Сан-Францискогийн захирагч түүнийг суллуулсан төдийгүй 30 хоногийн виз олгож, эх орон руу нь буцахад тусалсан байна. Удалгүй Хори Япондоо төдийгүй дэлхий дахинд алдаршив. Тэрбээр зогсолтгүй ганцаар Номхон далайг туулсан манай гарагийн анхны хүн болж, дээд амжилт тогтоов.
Мөрөөдлөө биелүүлсэн Хори сэтгэл ханасангүй, байсхийгээд л задгай далайд гарсаар байлаа. Тэгэхдээ адал явдалтай учрах гэж хорхойсоод л аялал хийгээд байсангүй. Бид ч тэгж бодож болохгүй юм. Өөрийгөө сорихын хажуугаар нэг зорилго байсан нь байгаль хамгаалахтай холбоотой. Аялагч маань эрчим хүчний нэг өвөрмөц эх үүсвэрийг ашиглан Номхон далайн өргөн мандлыг туулж явна. 1985 онд Хори цахилгаан хөдөлгүүртэй хөлгөөр Хавайгаас Япон хүртэл, 1992-1993 онд гишгэдэг хаазтай хөлгөөр явж байж. 1996 онд Эквадороос шар айрагны хөнгөн цагаан лаазаар хийсэн хөлгөөр Япон орж байв. 16 000 километр замыг 148 хоногт туулж, нарны эрчим хүчээр ажилладаг завиар Номхон далайг хамгийн түргэн гаталсан хүн болж Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. 2008 онд 69 настайдаа Хори далайн давлагааны эрчим хүч гэх шинэ эх үүсвэрийг ашиглахаар шийдэв. Тэгээд мөн л нөгөө Хавайгаас Япон хүртэл 7.7 мянган километр замыг 1.5 узель буюу явган хүний дунджаас бага хэмийн хурдтай далайн давлагааг туулсан байна. “Бүх түүхийн явцдаа хүн төрөлхтөн эрчим хүч гаргаж авахад салхины хүчийг ашиглаж байсан, харин далайн давалгааны хүчинд хэн ч тэгтлээ анхаарч байгаагүй юм шиг” гэж тэрбээр бичсэн байдаг. Хори экологийн ач холбогдолтой усан тээвэр, байгалийн зөнгөөрөө нөөц бололцоог хадгалахын чухлыг тухай бүрдээ дэлхий дахинд нотолсоор явсан байх юм.
2022 онд анхны аяллаасаа хойш 60 жилийн дараа Хори өөрийн гавьяаг дахин давтаж, тэгэхдээ түрүүчийнхээ эсрэг чиглэлд, Сан-Фран цискогоос Япон хүртэл аялав. Энэ аялалаас ирмэгцээ Нисиноми усан буудалд сэтгүүлчидтэй уулзаж, замд тохиолдсон адал явдлаа хуваалцжээ. Түүний ярьснаас үзвэл, цар тахал дэгдсэнээс аялалд бэлтгэх ажил тун ч тодорхойгүй байснаас чухам л “Зовлон туулсан нь”-ийг санагдуулам явдал болсон байна. Аялал ч өөрөө тун амаргүй байж, Сан-Францискогоос гарсныхаа дараа далайн шуургатай тааралдаж, аялал дуусахын даваан дээр тэнгисийн ус татарчээ. Гэлээ ч туршлагатай аялагч маань догшин далайн ааш авирыг ажрахгүй давж, Япон орондоо эсэн мэнд эргэн ирсэн юм. Хоёр сар далайгаар амаргүй аялал хийхдээ авч явсан эмэндээ гар хүрсэнгүй. 83 настай Хори ердөө нүдэндээ дусаалгаа хийж, шархны лент л ашиглаж явжээ. Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр100 настайдаа ийм аялалд дахин гарахаар төлөвлөж буйгаа хэлсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант