Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Эл терминалын зам, талбай бусад барилга байгууламжийг үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын анги нэгтгэлийн гээд 1200 инженер, техникийн ажилтан 360 орчим нэгж техниктэйгээр нэг жилийн хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм. Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэхэд нөлөөтэй аж. Тэгвэл Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч найман аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээ хүрэн терминал” ХХК Шивээ хүрэнгийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа. Төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлж дууссанаар уг боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж, жилд 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож буйг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлэв.