Zarig.mn сайтыг хүчээр хаав. Ийнхүү zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоож, хаасан нь Үндсэн хууль зөрчсөнөөс гадна иргэдийг мэдэх эрхийг боомилсон хэрэг юм. Тус сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорын байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон zarig.mn сайтын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах санал гаргажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг саналыг хэлэлцээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах шаардлагагүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэвч өнөөдөр өглөө Zarig.mn сайтын тодорхой шалтгаанаар хаасан байна. тус сайтын ерөнхий редактор Ш.Адьяамаагаас сайтыг яагаад хаасан талаар тодруулахаар холбоо барихад "Нарийн шалтгааныг нь тодруулахаар бид ажиллаж байна. Эргээд мэдээлэл өгнө" гэх хариултыг өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас zarig.mn сайтыг хаах хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан юм байна. Цагдаагийн байгууллагын албан бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан, сэтгүүлчид Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад шаардлага хүргүүлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.