Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж, мөн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.
БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун “БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг бүхий л туршлагаасаа хуваалцах, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн” гэлээ.
Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг хэллээ.
Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй, манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд 800 жилийн тэртээгээс ахан дүүсийн харилцаа тогтоож ирсэн” гэдгээ илэрхийллээ.