БНХАУ-д шахмал болон хагас коксон түлшийг хэрхэн үйлдвэрлэж буй явцтай хэсэг сэтгүүлч танилцав. Тус улсын Шаньси мужийн Шань Ин, Фүгү сумд үйл ажиллагаа явуулж буй шахмал түлшний нэг, хагас коксон түлшний хоёр үйлдвэрийн ажлын явцыг бид үзэж сонирхсон юм. Монгол Улс 2019 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д үйлдвэрлэсэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Эхний жилүүдэд өгөөжөө өгч байсан уг түлш хэрэглээний явцад “гологдож” эхэлсэн тул ийнхүү шат ахиулж, боловсруулсан бүтээгдэхүүн болох хагас коксон түлшийг энэ өвлөөс ашиглахаар холбогдох байгууллагынхан ажиллаж буй. Шахмал түлшний түүхий эд болох мидлинг нь утаа бууруулах үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байна гэж үзэж, үүнийг хагас коксоор орлуулах гэж буй юм. Улмаар нийслэл хот 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас коксон нүүрсийг асаагуурын хамт худалдаж авахаар болж, тооцоо, судалгаагаа нийслэлийн ИТХ, Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байгаа билээ. Улмаар уг төсвийг танаж, 32 тэрбум төгрөг болгосон юм.
БНХАУ-аас яг юу авах гээд байна, ямар ашиг сонирхол үүний ард нуугдана вэ хэмээн хүн бүр хардаж буй. Түүхий нүүрсээ урд хөршид хямдхан зараад, буцаагаад боловсруулсан бүтээгдэхүүнийг нь өндөр үнэтэй авах гэлээ, уг мөнгөөр орон сууцын хороолол барьсан нь зөв гэх мэтээр шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Шүүмжлэх ч, хардах ч эрх бидэнд бий. Тиймээс яг яагаад ийшээ “зүтгээд” байгаагийнх нь шалтгааныг сэтгүүлчид эрэлхийлсэн юм.
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Дэлхийн томоохон орнууд хөгжлийн үе шатандаа агаарын бохирдолтой тулгарч, шийдэх гарц гаргалгаа хайсаар ирсэн байдаг. Эдний нэг бол БНХАУ. Тус улсын нийслэл Бээжин хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг байсан цаг саяхан. Гэвч тэд асуудлаа шийдэж, агаарын чанараа эрс сайжруулж чаджээ. БНХАУ цогц арга хэмжээ авсны дотор ногоон хөгжлийн түвшинг эрс нэмэгдүүлэх бодлого баримталсан аж. Үүнд түлшний чанарыг сайжруулах асуудал голлох байр эзэлсэн байна. Тиймээс тэд түүхий нүүрснээс татгалзан, хагас коксжуулсныг түлж, улмаар хийн түлшний хэрэглээг дэмжих замаар асуудлаа шийдэж эхэлжээ. Гэвч 100 хувь хийн түлш хэрэглэдэг болоход тэдэнд дахин 15-20 жил шаардлагатай. Ямар ч ажлыг өргөс авсан мэт нэг дор шийдэх боломжгүй, үе шат чухал.
Бэлээхэн ийм жишээ дэргэд байхад манай улс яагаад шахмал түлшийг алгасаад хий, эсвэл хагас коксон түлшийг хэрэглэж болоогүй юм бэ. Бидэнд тийм сэтгэл зүйн ч, хөрөнгө санхүүгийн ч боломж байгаагүй учраас шат дамжлагынх нь дагуу явж байгаа гэсэн хариултыг мэргэжлийнхэн өгсөн. Дээрх мөнгөөр хагас кокс авах биш, орон сууц барих нь зөв гэсэн санал ч их гарч байна. Орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй нэг гол ажил мөн. Гэхдээ үүнд цаг хугацаа шаардлагатай. Өвөл хаяанд ирсэн энэ цаг үед хор багатай түлш хэрэглэх нь хөрсөн дээр буусан шийдэл болоод буй аж. ЭХЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллага хамтраад богино, дунд, урд хугацаанд хийх ажлаа төлөвлөжээ. Эхлээд 2025-2035 онд хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, 2024 оноос жилд 600 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барихаар төлөвлөсөн юм байна. Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийж буй бөгөөд ирэх сард багтаан батлах нь. Уг үйлдвэрийг 16-18 сарын хугацаанд барьж, 2025 оны зургадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах гэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах боломж бүрдэх аж. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болгоход шаардлагатай 132 мянган тонн хагас коксон түлшийг асаагуурын хамт БНХАУ-аас импортолж, ирэх арванхоёрдугаар сарын 15-наас борлуулна. Дунд хугацаанд буюу 2030-2050 онд Улаанбаатар хотод хийн хангамжийн нэгдсэн сүлжээ бий болгох замаар шахмал түлшний хэрэглээг бууруулж, улмаар татгалзах аж. Урт хугацаанд буюу 2025-2050 онд барилгажуулалт, дагуул хотуудыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах ажил хийхээр төлөвлөсөн юм байна. Нийслэлчүүдийн жилийн хэрэгцээ 600 мянган тонн учраас зөрүүд нь “хуучин” шахмал түлшээ түлнэ.
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор энэ оны хоёрдугаар сараас “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх туршилт, галлагаа болон асаагчийн туршилт хийжээ. Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9, хүхэр 57.7, үнслэг 37.2 хувиар бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6, хүхэрлэг хийн хэмжээ 85.5, угаарын хийн хэмжээ 10.8, азотын исэл 23.5 хувиар буурсан үр дүн гарсан байна. Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурах аж. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм байна.
ХЯТАД УЛС НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАХАД 15-20 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
Хагас коксоос 100 хувь хийн түлшинд шилжих 20 жилийн хугацаанд хэрэгцээг хангахаар БНХАУ-д 300 гаруй үйлдвэр ажиллаж буй юм билээ. Эдгээрээс гурван үйлдвэртэй нь бид танилцсан хэрэг. Шань Ин дахь “Sentai new technology” үйлдвэрийн хувьд манай “Тавантолгой түлш” ХХК-тай адил шахмал түлш үйлдвэрлэдэг. Ялгаатай нь түүхий эд нь мидлинг биш, хагас кокс аж. Шороо, барьцалдуулагч, хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэхийн тулд бутлах, барьцалдуулах, холих, амраах, хэвлэх, хатаах гэсэн шат дамжлагыг туулдаг юм байна. Манайд шахмал түлш хэрэглэхдээ мод ашиглан галаа асаадаг. Мод нь дэгдэмхий чанартай, гал асах хүртэл 15-20 минут болдог учир илүү их уугидаг гэнэ. Энэ нь агаарын бохирдолд багагүй сөрөг нөлөөтэй юм байна. Шахмал түлшийг бага уугиулж, хурдан асаах тусам агаарын чанарт эерэг нөлөөтэй гэдэг тайлбарыг мэргэжлийнхэн өгсөн. Тиймээс л зориулалтын асаагчийг хамт хэрэглэж хэвших нь чухал аж. Манай улсад ийм асаагч үйлдвэрлэдэг. Ингэхдээ өөхөн тос, хаягдал цаас ашиглан хийдэг ч үнэр их учраас түгээмэл ашиглах боломжгүй. Дээрх үйлдвэрт аргал болон модны үртсээр хоёр төрлийн асаагуур хийдэг юм билээ. Үүнийгээ ашиглан түлшээ түлж үзүүлсэн юм. Асалтыг дэмжих бодис, барьцалдуулагч, химийн элемент нэмэн асаагуур хийдэг аж. Яг ямар химийн элемент нэмдгээ харин “Байгууллагын нууц” гээд хэлдэггүй гэх.
“Шэнмү энержи девелопмент” компанийн хувьд хагас коксон түлшний эхний үйлдвэр байлаа. Жилд 600 мянган тонн хүчин чадалтай энэ үйлдвэрийн үйл ажиллагаа ес, аравдугаар сараас буюу сэрүү орж, хүйтрэх үеэр эхэлдэг. 2017 онд БНХАУ-ын Засгийн газраас түүхий нүүрсийг заавал угааж хэрэглэх шийдвэр гарснаар уул уурхайн бүх компани дэргэдээ угаах үйлдвэртэй болсон байна. Угаасан түүхий нүүрсийг 650-750 хэмд халааж, хагас кокс гаргаж авдаг аж. Халаах үйл явцаас хий, давирхай, эцсийн бүтээгдэхүүн болох хагас кокс гарна. Хийг тусгай хоолойгоор цахилгаан станц руу дамжуулдаг бол давирхайг химийн үйлдвэр рүү илгээж, үүгээрээ асфальт, дизель зэрэг бүтээгдэхүүн хийдэг юм байна. Боловсруулж гаргаж авсан хагас коксын том ширхэгтэйг гангийн үйлдвэрт нийлүүлж, нунтгаар нь шахмал түлш хийн, иргэдийн хэрэгцээнд зориулдаг. Уг үйлдвэр 1600 ажилтантай. Нүүрс угаах, боловсруулах, шахмал түлш үйлдвэрлэх, цахилгаан станц гэх мэтээр цогц үйл ажиллагаа явуулдаг. Технологиороо Хятаддаа тэргүүлэгч юм билээ.
Удаах үйлдвэр болох “Ван жунг вэй еэ” шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компани мөн л цогцоор үйл ажиллагаа явуулдаг. Улсдаа томоохонд тооцогддог уг компани жилд 900 мянган тонн нүүрс угаах, 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Угаасан нүүрсээ хагас коксын үйлдвэрт дамжуулдаг. Тэр нь 150 тоннын дөрвөн зуухтай, нунтаг, жижиг, дунд, том хэмжээгээр хагас коксон түлш хийдэг аж. Хагас коксоор ахуйн нөхцөлд болон ресторанд хэрэглэх, мөн шорлогийн түлш хийдэг, ямар ч утаагүй, хорт бодисын агууламжгүй гэдгээ онцолж байлаа. Тэд БНСУ руу шахмал түлшээ экспортолдог юм байна. Дөрвөн цогцолбор байгууламж бүхий уг үйлдвэрийн нийт өртөг 600 сая юань болжээ. Уг компанийн үйлдвэр жилд 1.2 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Үйлдвэрийн 90 хувь нь автомат, дэргэдээ усаа цэвэршүүлдэг байгууламжтай, байгаль орчинд ээлтэй технологитой гэнэ. Агаарт дэгдэх хүхрийн агууламжаас эхлээд бүх үзүүлэлтийг улсаас нь нэгдсэн стандартаар хянаж, илүү гарвал анхааруулга өгөөд, улмаар үйл ажиллагааг нь шууд зогсоох дүрэмтэй ажилладаг аж. Мөн жилд 66 мянган тонн давирхай гаргаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ. 2020 оноос Бээжин орчмын гэр хорооллын айлуудад хагас коксон шахмал түлшээ тэд нийлүүлж буй бөгөөд иргэд ам сайтай байгаа гэнэ. Сонирхуулахад, 90 хувь нь автомат, мөн хүнд нөхцөлтэй учраас уг үйлдвэрт нэг ажилтан өдөрт дөрвөн цаг л ажилладаг юм байна. Мөн сарын цалин нь 6000-15 000 юань байдаг аж. Цахилгаан станц нь100 хувь автомат.
Сүүлийн хоёр үйлдвэрийн хувьд угаасан нүүрсийг өндөр хэмд жигнэж, хагас кокс болгон боловсруулах явцад ялгарсан хий, давирхай нь гол бүтээгдэхүүн болдог юм байна. Түүхий эдээсээ хамаараад хагас коксон түлшний үнэ тонн нь 1000-1100 юань байдаг аж. Мөн хагас коксон түлш нь ямар ч зуух голдоггүй гэдгийг онцолж байна билээ. Манай нийгмийн сүлжээгээр “Кокс бол ган хайлуулдаг бодис. Ахуйн нөхцөлд үүнийг түлбэл зуух нь хайлахаас эхлээд эрсдэл өндөр” гэсэн мэдээлэл гараад буй. Хагас кокс гэдэг нь өндөр хэмд халааж боловсруулсан утаагүй нүүрс гэдгийг ойлгочихвол ийм ярианд итгэх хүн гарахгүй биз ээ.
Монгол Улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд түлшээ сайжруулахаас гадна орон сууцжуулах зэргээр цогц арга хэмжээ авах ёстой. Урагш муутай ч оролдлогууд хийсээр ирсэн, хийж ч яваа. Тиймээс цаг хугацааны дагуу ажлаа төлөвлөөд, түлшээ сайжруулах нь амьдралд арай ойр шийдэл юм билээ. Эрчим хүчний сайдын “туршилт” гэдэг үг олон хүний дургүйг хүргэсэн нь нууц биш. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх үед иргэдэд хангалттай мэдээлэл урьдчилж өгөөгүйгээс цөөнгүй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Тиймээс шинэ түлш, туршилт гэдэг үг нийслэлчүүдэд айдас бий болгочихсон гэхэд болно. Энэ удаа хагас коксоор хийсэн шахмал түлшийг лабораториудад туршиж, тодорхой сууршлын бүсэд галлагаа хийж үзжээ. Мөн өмнөх алдаагаа давталгүйгээр, хэрхэн хэрэглэх заавраас эхлээд тодорхой мэдээллийг урьдчилж сайн өгөхөд холбогдох газрууд анхаарах учиртай юм.