Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангаж, жилд хоёр сая тонн бүтээгдэхүүн олборлон борлуулдаг аж. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт орлогын 83 хувийг тус компани бүрдүүлж буй. Өнгөрсөн онд 67.5 тэрбум төгрөгийг борлуулалтаасаа олсон байна. “Шивээ-Овоо” нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж өнгөрсөн жилд гэхэд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оных 15 тэрбумд хүрчээ. Иймд тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ын цахилгаан станц барих шийдэл гэж үзэж, энэ талаар судлахыг Засгийн газрын тэргүүн даалгав. Мөн нүүрсийг нь ДЦС-д нийлүүлэхээс гадна ойрын хугацаанд экспортод гаргах боломжийг судалж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэлсэн юм.
Ерөнхий сайд дараа нь Говьсүмбэр аймаг дахь политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хичээлийн жилээс МСҮТ-өөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж буй тус коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж, 70-80 хувь нь ажлын байртай болдог аж.
Бэлтгэсэн: У.Наран