Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам дурсамж дүүрэн боллоо. Сурын харваа эхэлсэн, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон 10-нд үүлэрхэг байсан бол маргааш нь өдрийн хугас бороо оров. Харин 12-нд нартай, уяачдын наадамтай 13-нд мөн бороотой таарлаа. Монгол наадмын нээлтийн ёслол ямар болсноор тухайн баяр цэнгэлийг дүгнэх болсон нь бараг л уламжлал. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулсан юм. Уламжлалт “Дээлтэй монгол” арга хэмжээ, Төрийн хүндэтгэлийн концертын аль аль нь наадамчин олны сэтгэлд хүрсэн. Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эх орон” нэрийн дор, 21 аймгаа ямар нэг төрлийн уран бүтээлээр төлөөлүүлэн танилцуулах байдлаар зохиомжилсон нь сонирхолтой байлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлтийн ёслолыг бүгд хүлээн байж үзсэн тул нэгд нэгэнгүй тоочихын хэрэггүй болов уу. Тасалбарыг онлайнаар худалдаж эхлэхэд 15 минутад дууссан гэсэн мэдээлэл бий. Цэнгэлдэхийн гадна үүнийг 300 мянган төгрөгөөр борлуулж байв. Гадаадынхан ийм үнээр тасалбар авч байлаа. Нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент” продакшны үүсгэн байгуулагч, продюсер Б.Анар ажиллалаа. Энэ удаа олон нийт нээлтийн ёслолыг “Гоё боллоо”, “Залуучууд сайн ажиллалаа”, “Попури нь жаахан ихэдчихэв үү дээ” гэх зэргээр дүгнэсэн.
Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос залж, цэнгэлдэхийн зүлэг ногоон талбайд төв асар голлуулан байршуулах ёслол урьдын адил сэтгэл татам байлаа. Энэ хүндэтгэлийн зан үйлийг 1990 онд төрийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажилласан Г.Доржсамбуу санаачилсан юм билээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа баталсан Үндсэн хуульд “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан ажгуу. Ту гзалах ёслол өндөрлөх үед бороо улам эрчтэй дусалж эхэлсэн юм. Гэсэн ч үйл ажиллагааг үргэлжлүүлсэн.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн дөрвөн талд арслан, бар зэрэг дөрвөн хүчтэнийг дүрслэн байршуулсан байв. Үүл, уул, усан хээтэй цэнхэр, номин ногооны сүлмэл гэхээр өнгийн гоё тайзтай. Монгол туургатны гал голомтын өлгий нутгийг бэлгэдсэн, төрийн ариун голомтын гал өөдөө бадарч эхлэхүйд есөн хөлт цагаан тугийг залсан морьтнууд цэнгэлдэхийг орхин одсон. Хөтөлбөр ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэлэх ээлж ирлээ. Төрийн тэргүүн эдүгээ манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, улмаар “Монгол нь дэлхий дахинд энх тайвны бэлгэ тэмдэг болсон” хэмээн онцолсон.
Нялх цагаан унага цэнгэлдэхийн зүлэг ногоон талбайн голд буй ижил зүсмийн эх рүүгээ давхин очиж янцгаах агшинд хөтлөгч “Эх үрс золгох шиг эрхэм уярал үгүй билээ. Элэг бүтэн амьдрахаас илүү жаргал тэнгэрийн дор бий гэж үү” хэмээн шүлэглэсэн. Энэ агшин наадамчин олны сэтгэлийн нандин утсыг татсан биз ээ. Үүгээр нээлтийн ёслолын дараагийн “хуудас”-ыг сөхсөн юм. Төрийн хан хуурч бараа бологч хуурчдын хамт эгшиг юугаа хадааж, хөөмий, бөөгийн болон бусад төрлөөр хоёр мянганы тэртээх Хүн гүрэн, түүний дараа Их Монгол Улсыг байгуулснаас хойш өнгөрсөн цаг хугацааг сануулан бүжсээр байлаа. Улмаар их эзэн Чингис хаан дахин төрж, залрах Монголын заяа бий хэмээн ерөөсөн. Гол хуурчид тайзны голоос хуурдангаа дээш гарч ирэх нь шинэлэг санаачилга байлаа. Уг арга хэмжээний тайзны найруулагч өмнө нь “Бид цаашид хэн ч, юунд ч ашиглаж болох олон жилийн настай тайз хийж байгаа” гэж хэлсэн юм. Хичээж зүтгэсэн нь харагдаж байна лээ. Үүнээс цааш Чингисийн үр удам өнөө цагт хэрхэн амьдарч буйг дуу хуур, бүжиг наадам, шүлэглэлээр харуулсан. Энэ цаг үед хэн дуулж байна, тэр бүгдийг багтаахыг зорьсон мэт олон дуучныг ар араас нь гаргасан даа. Иргэд үүний талаар олон нийтийн сүлжээнд “Төрийн наадмын нээлт, хаалтын тайзан дээрх дуучид, бүжигчид, зурагчид бүгд монгол дээлээ өмсөх хэрэгтэй. Чингис төрмөгц реппер Gee дуулж, хүүхнүүд гуя, хаагаа харуулан даашинзтай бүжиглэх юм. Үндэсний баярын агуулгыг утгагүй болголоо”, “Караокены дуугаар нээгээд, хаачихлаа шүү дээ. Хүмүүс караокед дуртай юм болохоор нээлтийн энэ ёслол таалагдсан бололтой. Зохисгүй нээлт, хаалт болсон” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байв. Ялангуяа нээлтийн төгсгөл нь олныг залхаасан талаар ярьж байсан.
Төв цэнгэлдэхэд сууж нээлтийг үзсэний хувьд хэд хэдэн бодол тээж гарсан. Тэдгээрийн нэг нь наадмын нээлтийн ёслолын агуулгыг эхний ээлжид англи хэлээр, чадвал НҮБ-ын албан ёсны таван хэлээр орчуулж, танилцуулга болгон бэлтгэж, гадаадын үзэгчдэд өгөх нь зүйтэй санагдлаа. Энэ удаа гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонсоход “Ерөнхий уур амьсгал гоё юм. Туг залах ёслол сүрдэм сайхан. Харин яг юуны тухай дуулж, хөгжимдөж, бүжиглэж байгааг ойлгосонгүй” гэж байлаа.
ҮНДЭСНИЙ БӨХ
Архангай, Өвөрхангайн бөхчүүд өнгөллөө
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх хүч сорив. Наадмын барилдаанд цолоо ахиулж, шөвгийн найм, дөрөвт тунах магадлалтай хэмээн бөхийн тааварт орсон улсын цолтнууд доогуур даваанд унасан нь үзэгчдэд хэний хүү үзүүр, түрүү булаалдах бол гэх сонирхол төрүүлсэн. Бөхийн хорхойтнуудын таавар эвдэж, Г.Ганхуяг, Ц.Бямба-Отгон, С.Сүхбат, М.Бадарч нар ид хаваа харуулж барилдлаа. Тавын даваанд улсын начин цолтой гурав, зургаагийн даваанд улсын харцага цолтон хоёр төрөв. Улсын цолны болзол хангасан хүчтэнүүдээс Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг уран, зоримог, шийдэмгий барилдаан харуулж, улсын өндөр цолтнуудыг даваа бүрт өвдөг шороодуулснаараа энэ жилийн наадмын дуулиан шуугианы гол эзэн боллоо. Наадамчин олныг суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлж, огшоосон түүний барилдаан бөхийн тааврыг тэр чигээр нь будилуулж, эвдсэн гэхэд болно. Бөх сонирхогчид улсын аварга, арслан цолтнуудыг түүнд амархан уначихна гэж төсөөлөө ч үгүй биз. Тэрбээр нэгийн даваанд аймгийн начин Б.Гончигсүрэн, хоёрын даваанд улсын начин Н.Мустафа, гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг унагасан юм. Тавын даваанаас улсын цол олгодог учраас бөхчүүд бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөснөө олонд шалгуулж, хариуцлагатай барилдахыг хичээдэг.
Шавилхан биедээ баймгүй хүч гаргаж, аваргыг үзэгчдийн суудалд суулгасан тэрбээр начны даваанд улсын гарди Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг хаяж, улсын харцага цолтны босгоор нүүр бардам алхав. Үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр хичээллэж, улсын шигшээ багт нэгдсэн түүнд тивийн АШТ-ээс эх орондоо хүрэл медальтай ирсэн түүх бий. Долоогийн даваанд барилдсан бөхчүүдээс улсын заан цолтон төрсөнгүй. Эл даваанд улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан наадамчин олны анхаарлыг хамгийн их татав. Тэд үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрмийн тухай хуулийн 4.15-д “Барилдааны үндсэн, дан болон давхар шуудгийн барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна” гэж заасны дагуу хөлийн цэц даян аварга Н.Батсуурийг давсан гэж шийдвэрлэснээр шөвгийн дөрөвт тунахад үзэгчид шуугилдаж “Унаагүй байж тахимаа өгч, даваагүй байж тахим авлаа. Бид бөхчүүдийнхээ шударга, сайхан барилдахыг харах гэж ирсэн. Шөнө болсон ч хамаагүй суугаад үзнэ. Барилдуулаач” хэмээн бухимдан хашхирч байлаа. Удалгүй наймын даваа эхэлж, улсын аварга О.Хангайг улсын гарди М.Бадарч, улсын даян аварга Н.Батсуурийг улсын харцага Ц.Бямба-Отгон өвдөг шороодуулснаар Архангай, Өвөрхангай аймгийн бөх наадмын барилдааныг өнгөлж, үзүүр, түрүү булаалдахаар болов. Есийн давааны барилдаан үзэгчдийг чилээсэнгүй. Улсын гарди М.Бадарч учраа бөхөө унагаж түрүүлснээр Монгол Улсын арслан цол хүртэж, 100 жилийн ойн баяраа тэмдэглэхээр зэхэж буй Архангай аймгийнхаа зон олны магнайг тэнийлгэв. Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэснээр Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан Монгол Улсын гарди цолтноо наадмын зүлэг ногоон дэвжээнд баяр хөөртэй угтаж авсан юм.
Наадмын дэвжээнд цол хүртсэн бөхчүүдийг танилцуулъя.
Улсын начин цол
- Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Д.Тогтохжаргал
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Л.Отгонбаатар
- Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Э.Ууганбаяр.
Улсын харцага цол
- Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Г.Ганхуяг.
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх С.Сүхбат.
Улсын гарди цол
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Ц.Бямба-Отгон.
Улсын арслан цол
- Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх М.Бадарч.
СУР ХАРВАА
Улсын даян мэргэн цолтнууд түрүү байрын төлөө товх харвав
УРИАНХАЙ СУР
Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг болох сур харваа нь буриад, халх, урианхай гэсэн гурван төрөлтэй. Өнөө жилийн наадам уламжлал ёсоор урианхай, буриад сурын харваагаар эхэлсэн. Монголчуудын харвааны гурван төрлөөс зөвхөн эрчүүд цэц сорьдог эртний язгуур онцлог, шинжээ өнөөг хүртэл хадгалж үлдсэн нь урианхай сур. Энэ удаа 353 харваач өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Ховд Алтайн шонхор” багийн харваач, спортын мастер Д.Алтангэрэл 28 оноогоор түрүүлж, урианхай сурын улсын мэргэн цол хүртлээ. Урианхай болон буриад сурын харваанд эхний таван байр эзэлсэн харваачдад олгох мөнгөн шагналд энэ удаад өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, тэргүүн байрт шалгарсан харваачийг найман сая төгрөгөөр урамшуулав. Тэгвэл II байр зургаа, III байр дөрөв, IV байр хоёр, V байр эзэлсэн харваачийг 1.5 сая төгрөгөөр шагнасан. Сонирхуулахад, Урианхай сурын холбооны удирдах зөвлөл өнгөрсөн жилээс түрүүлсэн харваачийг “Приус-20” загварын автомашинаар мялаадаг болсон юм.
БУРИАД СУР
Буриад сур харваа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Урианхай, халх суртай техникээр адил ч харвах зай, онох бай, уухай нь өөр. Харваачид 45 метр буюу 30, 30 метр буюу 20 нумын газар гэсэн хоёр зайнаас харвадаг. Харваач тус бүр 64 сум тавьснаас хамгийн өндөр оноотой нь түрүүлнэ. Энэ жилийн наадамд 45 багийн 218 харваач цэц сорьсноос эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад сурын спортын мастер, ОУХМ Б.Мөнхбамбар 60 оноогоор тэргүүллээ. Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, буриад сурын улсын мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 55 оноогоор хошой мэргэн цолны болзол хангав.
ХАЛХ СУР
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өнгөрсөн жилээс үндэсний сур харваанд III, IV, V байрт шалгарсан харваачдад улсын гарамгай, улсын онч, улсын тод харваач цол олгохоор баталсан. Мөн харваачдад босго оноо тогтоож, улсын аварга болон томоохон тэмцээнд түрүүлсэн, чансаа өндөртэйг нь наадмын сур харваанд оролцуулдаг болсон билээ. Халх сурын харваанд шилдэг 540 эрхий мэргэн алтан шар зурхайд нум эвшээлгэн, сум тавьсан. Тэднээс 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваач байв. Товх харваанд ганц сумаар ялагчийг тодруулдаг тул наадамчин олны сэтгэлийг хамгийн их догдлуулдаг торгон агшин байдаг. Эрэгтэйчүүдээс түрүү байрын төлөө Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, “Хантайшир зурхай” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав, Дорнод аймгийн харьяат М.Бат-Орших нар 37 оноотой тэнцэн, 75 метрээс гурван удаа ухарч, 77 метрээс товх харвасан. С.Сүрэнжав 40 сумнаас 37 онож, Монгол Улсын мэргэн цол хүртэн, наадамчин олныг баясгав. Сурын талбайд сум, саадаг агсан ирж, олон аавын хүүтэй мөр зэрэгцэн харваж түрүүлсэн хоёр дахь улсын цолтноо Алтайн нутгийнхан баяр хөөртэй хүлээн авсан. Түүний ард нэг сум дутаж, шил дарсан өрсөлдөгч нь улсын гарамгай мэргэн цол хүртсэн юм. Тэгвэл III байрт шалгарсан Дорнод аймгийн харьяат О.Сүхбаатар улсын гоц, IV байр эзэлсэн “Эрч” клубийн харваач Б.Ганбаатар улсын онч, V байрт орсон “Хасбуу” сурын холбооны харваач Б.Зоригтбаатар улсын тод мэргэн цолны болзол хангасан.
Эмэгтэйчүүдээс мөн тэргүүн байрын төлөө хоёр харваач товх харвасны нэг нь Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам, нөгөө нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, “Мандалговь хүнс” ХХК, “Цахиур” багийн харваач Ө.Хатанболор байлаа. Жил бүрийн наадмаар тэргүүлэх харваачдын тааварт зүй ёсоор бичигддэг тэд хоёр дахь удаагаа товхолсон нь олны анхаарлыг ихэд татлаа. Үзэгчид хэн нь улсын дархан, улсын даян мэргэн цолтон болох вэ гэж амьсгаа даран чимээгүй суух мөчид Ө.Хатанболор 40 сумнаас 38 онож, Монгол Улсын даян мэргэн цолтнуудын эгнээнд багтав. 2019 оны наадмаар товх харваанд Ө.Хатанболор 40 сумаас 37 онож, Монгол Улсын мэргэн цол хүртэхэд Б.Пунсалдулам 36 онон, аман хүзүүдэж байлаа. Монгол Улсын даян мэргэн цолтнууд үндэсний сур харвааны эхний гурван байрт шалгарч, түрүү булаалдсан нь наадмын онцлох сонин байв. Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам II, С.Энхтунгалаг III байр эзэлснээр улсын гарамгай, улсын гоц мэргэн цолтон төрсөнгүй. Э.Биндэръяа улсын онч, Д.Гэрэлмаа улсын тод мэргэн цолтон боллоо.
ШАГАЙН ХАРВАА
“Алтанговь транс” багийнхан аваргаар тодорч, алтан медальтай нутгаа зорилоо
Эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн үндэсний наадгайн нэг бол шагай. Шагайн харваа нь шаггүй тэвчээр шалгадаг. Энэ нь XIII зууны үед үүсэж, эхэн үедээ хаад, ноёдын өргөөндөө зугаацдаг наадгай байсан бол хожим нь үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжжээ. Наадмын шагайн харваанд 19 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 114 багийн 900 гаруй харваач оролцож, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар өрсөлдөв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ нар шагайн асарт зочилж, харваачидтай мэндчилж, хүндэтгэл үзүүллээ. Уухайн түрлэг үргэлжилсэн асарт УИХын дарга Г.Занданшатар сум тавьсан юм. Насанд хүрэгчдийн ангилалд 83 багийн 656 харваач цэц мэргэнээ сорив. Тэднээс Монгол Улсын хошой мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай, Өмнөговь аймгийн “Алтанговь транс” ХХКийн багийнхан аваргаар тодров. Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай, Дундговь аймгийн “Дэлгэрэх бүрд” ХХКийн багийнхан тэдэнтэй алтан медалийн төлөө ана мана өрсөлдөн удааллаа.
Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хорооны багийнхан III байр эзэлсэн юм. Тэд 2019 оны наадмыг мөнгөн медальтай өндөрлүүлж байв. Ахмадын шагайн харвааны төрөлд 21 багийн 161 харваач, өсвөр үеийнхний төрөлд 10 багийн 79 харваач оролцлоо. Ахмадын багийн төрөлд аймгийн гоц мэргэн Г.Тогтохбүрэн ахлагчтай Дундговь аймгийн “Дэлгэр Луус Адаацаг” багийнхан цахиур хагалан тэргүүлж олныг огшоов. Энэ жилийн наадмаар тус аймгийнхан эхний хоёр байрт жагсаж, шилдэг харваачидтай гэдгээ амжилтаараа батлан харуулсан. Тэднээс хамгийн өндөр настай нь Луус сумын харьяат, 86 настай, Монгол Улсын харьшгүй мэргэн З.Цэрэндорж байв. Тэрбээр багийнхантайгаа шөвгийн дөрөвт үлдэж, аваргын төлөө өрсөлдсөн нь бахархмаар санагдсан. Тус багийн ахлагч Г.Тогтохбүрэн “Зургаан сумын найман харваачаар багаа бүрдүүлснээс олонх нь малчин. Тэд малын бэлчээрт хонь хариулах зуураа зав гар ган бэлтгэл базааж оролцсон” гэж онцлон өгүүл сэн юм. Булган аймгийн Г.Нинжпэрэнлэй ах лагч тай “Дайчин вангийнхан”ы харваачид мөн л дээгүүр цойлж удаалан мөнгө, Ж.Чулуун ахлагчтай Сүхбаатар аймгийн “Баясгалан” багийнхан хүрэл медальтай нутаг буцлаа.
ХУРДАН МОРЬ
Будилсан ч учраа олсон уралдаан
Энэ удаагийн наадмын хурдан морины уралдаан адал явдалтай болов. Наадмын эхний өдөр хязаалан насны морьд барианд орж ирмэгц ХХААХҮ-ийн сайд Хурдан морины салбар хороонд хандаж, айрагдсан үрээнүүдийн сэрвээний өндрийг дахин хэмжье гэсэн утгатай “зарлиг” буулгасан. Түүний хэлснээр салбар хороо хуралдсан ч дүрэм, журмаа баримтлахад болно гэсэн шийдвэр гаргаснаар хязаалангуудыг барианд орж ирснээр нь байр эзлүүлсэн юм. Мөн тэр өдөр шүдлэн насны морьдын уралдаанд будилаан гарсан. Морь бариач эр барианы зурхайд урд, хойноо шахам орж ирсэн хар, шарга зүсмийн хоёр үрээний, зөв талдаа явсных нь урдуур давхин орж шахан, нөгөө талын шарга үрээг хурдлуулж яваа хүүхдэд боломж гаргаж өгснөөр монгол наадмын түүхэнд байгаагүй будилаан үүсгэж орхисон юм. Үйл явдал нүд ирмэхийн зуур шахам болоод өнгөрсөн тул эхэндээ шарга шүдлэнг түрүүлснээр барьсан байлаа. Харин нийгмийн сүлжээн дэх олон нийтийн шахалтын дүнд Хурдан морины салбар хороо хуралдаж, алдааг залруулан, хар үрээг нэгээр барьснаа мэдэгдсэн билээ. Энэ бүх явдлын дараах байдлаар баяр наадмын хурдан морины уралдаанд хаанахын хэний морь түрүүлж, наадамчин олныг баясгасныг тэмдэглэе.
Азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн “Гоё” хэмээх хээр, их насанд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал түрүүлэв. Соёолонд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр, хязааланд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Д.Жаргалсайханы халтар, шүдлэн насанд Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Б.Пунцагбалжирын хар түрүүлсэн юм. Б.Пунцагбалжирын хар шүдлэнг Дундговийн Луус сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү уяж хурдлуулсан бөгөөд Төв цэнгэлдэхийн асрын өмнө түрүүлгэсэн мориных нь торгон жолоог өргөн цоллоход тэрбээр нулимсаа барьж ядан нударгаараа арчиж зогссон. Уяачийг дэмжиж, нэгэн сэтгэлээр нийгмийн сүлжээнд хамтдаа тэмцсэн наадамчин олон ч энэ агшинд сэтгэлээ барьж ядан байсан юм. Дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар хурдалж, баяр наадмын түрүү магнай болсон юм. Энэ жилийн дааганы уралдааны “Баян ходоод”-оор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэн Болдбаатарын зээрд тодорч, төв асрын өмнө цоллуулсан.
“Төв цэнгэлдэх рүү орж чадаагүй ч сайхан нааддаг юм байна”
“Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох тасалбар олж чадаагүй ч энд ирээд “шаг”-аас 80 000 төгрөгөөр, тус бүр хоёрыг худалдан авлаа. Бороо хуртай ч наадмын нээлт сайхан болов. Харин цэнгэлдэхийн суудал тухгүй, хавчиг юм. Хөлөө тэнийлгэж чадахгүй удаан суухад бие чилээд төвөгтэй байна” хэмээн Ховд аймгийн Дуут сумаас Үндэсний их баяр наадам үзэхээр хүрэлцэн ирсэн Ж.Чимэд, Г.Оюунханд нар ярив. Улаан хүрэн өнгөтэй, торгон тэрлэгээр хослон гоёсон тэд нийслэлд анх удаа наадамлаж буй бөгөөд хуушуур амттай ч дараалал ихтэй байсныг дурдаад авав. Үнэхээр ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай дахь бүх төрлийн үйлчилгээг сонирхох хүн олон, хуушуур, хорхог, шорлог зарж байсан асруудын гадна дараалал ихтэй байлаа. Хэдийгээр энэ сарын 11-нд бүрхэг, бороотой байсан ч өнгө өнгийн дээл хувцас өмсөн, баяр наадмын уур амьсгалд догдолсон иргэд, хүүхдүүд, настнууд цэнгэлдэх хүрээлэнгийн тал талаас цугласаар байв. Иргэдийн олонх нь төрөл бүрийн загвартай дээл өмссөн бол зарим нь ямар ястан гэдгээ илэрхийлсэн өвч бүрэн хувцас, хэрэгсэл агссан нь гоёмсог харагдсан. Төв цэнгэлдэх хүрээлэн 15 000 орчим тасалбар борлуулдаг буюу ийм хэмжээний суудалтай гэдэг ч үүнээс хэд дахин олон хүн гадна нь цугларч наадсаар олон жилийг үдсэн. Энэ жилийн наадмыг үзэж сонирхохоор гадаадын жуулчид олноороо иржээ. Бараг арван хүн тутмын нэг нь гадаадынх байсан гэвэл хилсдэхгүй. Жуулчид дээл, малгай өмсөн, толгойн гоёл зүүцгээн, аль болох монгол маягаар хувцаслахыг хичээсэн нь харагдлаа.
Тэдний нэг, “Нарантуул” захаас 230 000 төгрөгөөр дээл худалдан авч өмссөнөө хэлсэн, АНУ-ын иргэн Ричард Толлман “Монгол үндэсний их баяр наадам үзэхээр зорин ирлээ. Агаар нь цэвэр тунгалаг, борооны үнэр нь хамар цоргиод тун сайхан байна. Монголчууд өвөрмөц, онцлогтой баярладаг юм байна. Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн дотор урлагийн тоглолт зохион байгуулж, янз бүрийн үзүүлбэр үзүүлж байхад түүнийг огт сонирхохгүй (тасалбар дууссан байх л даа) гадна талбайд нь баярлаад, инээж хөгжөөд явдаг аж. Мөн бүх хүн үндэсний, гоёмсог хувцастай байгаа нь содон юм. Би нэг шорлог, хоёр хуушуурыг нийт 30 000 төгрөгөөр худалдан авлаа, амт нь дажгүй шүү. Ирэх жилийн наадмаар гэр бүлийнхэнтэйгээ хамт зочлох санаа байна” хэмээв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчим хоггүй, ариун цэврийн байгууламж нь ачаалал багатай, цэвэрхэн, хоол үйлчилгээний асрууд ч ариун цэврийн шаардлагыг хангасан, амт чанартай бүтээгдэхүүнээр үйлчилснийг дурдах нь зүйтэй. Ийнхүү хоггүй цэмцгэр наадахад тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчдын хичээл зүтгэлээс гадна наадамчин олны ухамсар нөлөөлсөн болов уу. Мөн цэнгэлдэхийн гадна талбайд хэтэрхий их бараа, бүтээгдэхүүн зардаг, зах, худалдааны төвд байна уу гэлтэй наймаа хийдэг байдлыг хязгаарлах нь зүйтэй хэмээн цөөнгүй хүн үздэг аж. Энэ тухайд Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Орших “Энд гутал, хувцас гээд зарахгүй юм алга. Хүнсий бараа, бүтээгдэхүүнийг оролцуулбал томоохон худалдааны төв ажиллаж байна уу гэлтэй. Үүнийг цэгцэлж, гадна талбайд урлагийн тоглолт зохион байгуулж, соёлын наадам хийх хэрэгтэй. Эсвэл багтаамж сайтай, олон хүн суух боломжтой томоохон төвийг хотоос зайдуу, яаралтай ашиглалтад оруулах сан” хэмээв.
Сурвалжилсан:
Р.ОЮУНЖАРГАЛ, Г.БАТЦЭЦЭГ, С.ЦЭРЭНДУЛАМ, Э.ХАРЦАГА
ҮЗЭЛ БОДОЛ
Идэвхээр давдаг дүрмээс болж монгол бөх устах аюултай
Д.ЭРДЭНЭ /Хуульч/
Үндэсний бөх нь Монголын ард түмний өв соёл, уламжлал, дархлаа, үеийн үед дээдлэн хүндэлж, хөгжүүлж, эрхэмлэн хайрлах үнэт зүйл билээ. Аливаа хөгжил дэвшлийн хуулийн дагуу монгол бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсээр байна. Тухайлбал, цол бүрийг босго даваатай болгосон. Түүнчлэн ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэн, хэн амжилт гаргана, түүний ам авах эрэмбэ дээшилнэ гэдэг шинэчлэл хийсэн нь бөхчүүд, бөхийн хорхойтнуудын сэтгэл нийцсэн өөрчлөлт байсан юм. Үүнээс гадна маргаантай барилдааны шүүлтэд дэвшилт технологи болох камерын удаашруулсан бичлэг ашиглах болсон нь маш чухал шинэчлэл. Би давсан, унаагүй байсан гэх мэт маргаан, гашуун дурсамж өмнө нь бөхчүүдийн дунд маш их байв. Харин одоо маргаантай барилдааныг маш нарийн нягтлан шийдвэрлэх боломж бүрдсэнийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Гэтэл өөрчлөлт шинэчлэл бүхэн сайн үр дүн авчрахгүй. Тиймээс монгол бөхийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа маш ухаалгаар бодож, шийдэх учиртай. Эс тэгвээс эрдэмтэн буурлуудын шинжлэн судалж, онолын хувьд тогтоосон, огт өөрчилж болохгүй, хөдөлшгүй таван суурь зарчмын нэг болох “Монгол бөхөд нэг нь давж, нөгөө нь унаснаар барилдаан шийдэгдэнэ” гэснийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, монгол бөхийн үнэт зүйлийг үгүй хийхэд хүргэх нь.
Монгол бөхөд жингийн, талбайн орон зайн, цагийн хязгаарлалт байгаагүй. Монгол бөхөөс үзэгч түмний шимтэн хүлээдэг гол зүйл бол уран мэхийг уралдуулсан, хурц дайчин, хурдан шуурхай барилдаан байдаг. Энэ нь монгол бөхийн хэзээ ямагт өмнөө тавих гол үндсэн зорилго, үзэл санаа, философи байх ёстой. Гэхдээ бөхийн барилдаан орчин үеийн шаардлагаар цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай, спорт заалны талбай, дэвжээгээр хязгаарлагдах болсон. Мөн Б.Түвдэндорж аваргын үеийнх шиг хонон өнжиж барилдахыг орчин үе хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрсэн юм. Тиймээс цагийн хязгаарлалт монгол бөхөд зайлшгүй орж ирсэн. Ингээд шахааны барьж сонгож барилдах болсоор бараг 20 жил өнгөрсөн билээ. Барьц сонгосноор барилдаан, наадам хугацаандаа дуусах сайн талтай ч бидний урьдчилан олж хараагүй саар тал нь тодорхой хугацааны дараа илэрсэн. Энэхүү шахааны барьцыг шодож, азтай тал нь түрүүлж авдаг. Тиймээс бөхчүүд азад найдаж, шодохоо хүлээдэг болсон. Улмаар дүрэмдээ тохируулж, шахааны барьцаас хаях, хамгаалах гол арга болгон, жингээ нэмэх нь эрс ихэссэн юм. Үүнээс улбаалан бөхчүүдийн уран хурц барилдаан цөөрч, цаашлаад үзэгчдээ ч алдаж эхэлсэн билээ. Ийм сөрөг тал гарсан учир Монголын үндэсний бөхийн холбоо 2021 онд бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж, шахааны барьц сонгохыг халсан. Улмаар 2022 оноос идэвхгүй барилдсан бөхийг цэцийн шийдвэрээр хасаж, идэвхтэйг нь давуулах шинэчлэл хийсэн.
Аливаа зүйл сайн, муу талтай. Тэгвэл дээрх шинэчлэлээс сайн талыг нь олж харахыг хичээе. Идэвхээр давуулах болсноор бөхчүүд санаачилгатай, дайрч довтолсон, олон мэх хийсэн, тэсэрсэн барилдаан үзүүлэх болсон нь ажиглагддаг. Сөрөг тал нь гэвэл монгол бөхийн унаж, давснаар дуусдаг суурь зарчим алдагдаж эхэлсэн. Барилдаж буй хоёр бөхийн барилдааны хувь заяа өмнө нь зөвхөн тэдний гарт байсан бол одоо дундуур нь цэц гэдэг гуравдагч этгээд орж, унаа, даваа шийдэгдэж эхлэв. Богино хугацаанд энэ дүрмийг туршихад Э.Оюунболд арслан, М.Лхагвагэрэл заан нэгэн барилдааны үзүүр, түрүүнд шалгаран барилдаж байв. Тухайн үед идэвхээр давуулж, түрүү бөх тодроход бөхчүүд болон үзэгч олон үүнийг монгол бөхөд тохирох дүрэм огт биш гэдгийг ойлгосон. Заавал унаж хаяж дуусдаг нь монгол бөхийн үнэт зүйл, үндэсний өв уламжлал билээ.
Бид асуудлаа том зургаар нь харж чадахгүй, наадмаа цагтаа багтааж дуусгах гэх жижигхэн асуудалд баригдаж, түүнийгээ зөв шийдэж чадахгүй бол үеийн үед өөрчлөх ёсгүй үндэсний бөхийн үндсэн зарчим алдагдана. Улмаар жоомоо устгах гээд гэрээ шатаасан шиг эмгэнэлтэй зүйл болно. 1988 оны наадамд идэвхийг үнэлж үзсэн. Тухайн үед нэг бөх 10 гаруй удаа өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөсөн маягтай болоод, мэх хийсэн идэвх үзүүлсэн гээд даваа авсан. Гэсэн ч үүнийг монгол бөхөд цаашид ашиглах бололцоогүй гээд дахиж хэрэглээгүй гашуун туршлага бий. Одоо бөхийн дүрэмд байгаа заалтаас харахад яг ямар арга, мэх, хөдөлгөөнийг идэвхтэй гэж үзэх нь тодорхойгүй. Тиймээс түрүү бөхийг яаж тодруулах нь бөхийн цэцдийн толгойны өвчин болох нь тодорхой. Ийм тодорхойгүй зүйлээр улсын наадмын түрүүг тодруулбал үзэгч түмэн хүлээж авахгүй. Түүнээс гадна мөнгөтэй хүн, компани, нутгийн зөвлөлийнхөн цэцийн гишүүнд нөлөөлөх гэж оролдох асуудал тулгарч болзошгүй. Мөн идэвхээр хасагдсан нь хэл амаар дайрах, доромжлох, зарга хийх магадлалтай.
Шүүмжийг хүн бүр хэлж чадна. Тиймээс миний бие шүүмжлэхээс илүү гарц шийдэл, гаргалгаа санал болгож байна. Шахааны барьц сонгох дүрмийг анх гаргахдаа давуу барьцыг шодолтоор биш, хэн идэвх гаргасанд нь, бас ганц биш, олон барьцын сонголттой оруулж ирсэн бол барилдааныг унаж, давснаар дуусгах гарц олох байлаа. Гэхдээ бид алдаанаасаа суралцах ёстой. Тэгэхээр тогтсон цагтаа эхлээд, хоёр бөхийг бүх хүч, авьяас чадвараа дайчлан барилдахыг шахаад, сэрвүү, дан давхар шуудаг, сугадааны барьцын хугацааг дуустал цэцүүд хянаад, хэн нь илүү идэвх гаргасныг тогтоодгоороо тогтооё. Харин идэвхээр аль нэгийг давуулдгаа больё. Тэгээд нэг биш, таваас цөөнгүй барьцаас биеийн онцлог, жин, өндөр, барилдааны хэв маяг, арга техник, мэх чадвараас хамаарч сонгох боломж бөхчүүдэд олгоё. Жишээ нь, хөл дангаар авах, сэнжигний барьцтай хонгодож авах, аль нэг талын сэнжигнээс хоёр гараар атгаж авах, нэг талын сэнжиг, шуудгийн барьц авах, далбааны ар, шуудгийн барьц авах гэх мэт байж болно.
Өөрөөр хэлбэл, аль болох жин нэмэх сөрөг тал гаргах боломжгүй барьцыг, бөхчүүдийн дунд санал асуулга явуулах замаар хаялцах барьцын жагсаалтад оруулсан нь зөв байх. Нэгэнт унасанд тооцогдсон, идэвх гаргаагүй бөхөд сүүлчийн боломж олгон, харин идэвхтэйд тооцогдсон бөхөд давуу тал барьц олгож, таван минут барилдуулбал ямар вэ. Таван минутад хаялцаж чадаагүй тохиолдолд нөгөө бөхөд нь давуу барьц сонгох эрх шилжинэ. Давуу барьц сонгосон бөх барьцаа алдсан ч барилдаан идэвхтэй үргэлжилбэл зогсоохгүй байх шаардлагатай. Харин барилдаан эхлэх үед барьц сонгуулсан бөх ямар ч барьцгүй байснаа барилдаан эхэлсний дараа барьцаа олж авахаар зохицуулахгүй аваас барьцаа авах гээд цаг авдаг гашуун туршлага бий.
Энэ гаргалгааны давуу тал бол идэвхтэй дайчин барилдааныг дэмжиж, шагнал урамшуулал болгон, олон төрлийн давуу барьцаас өөрт тохирохыг сонгуулах юм. Ингэснээр бөхийн барилдаан цагтаа дуусах боломж бүрдэж, хамгийн гол нь давснаар дуусдаг монгол бөхийн үнэт зүйл, суурь зарчим хадгалагдана.