Ахмад настан Баяр сумынхаа 90 жилийн ойн баяраар зургаан сая төгрөгийн хандив өргөж, түрүү морины бай шагнал даах ам гарчээ. Тэтгэврийн хэдэн “цаас”-наас өөр тогтсон орлогогүй түүнд ийм хэмжээний мөнгө нэг дор бэлнээр гаргаад өгчих чадал тэнхээ мэдээж байхгүй. Гэхдээ яаж ийгээд л өгөх нь чухал байв. Ингээд тэрбээр аргагүйн эрхэнд хүүхдүүдээсээ туслалцаа авч, таван сая төгрөг чүү чамай бүрдүүлжээ. Тэр хэвээр нь өгчих гэхээр хэлсэндээ хүрээгүй нэр зүүчих гээд нутаг орныхоо хүмүүсээс баахан санаа зовж гэнэ. Тэгээд таван сая төгрөгөө бэлнээр өгөөд, үлдсэнд нь бог мал хандивлаж аргалжээ.
...Түүхэн ойн баярын утга учир нь угтаа тухайн нутаг орны хүмүүс ямар замыг туулж, өнөө цаг, одоогийн хөгжил дэвшилд хүрснийг алдаршуулан сурталчилж, үнэлж дүгнэн, өв соёл, үүх түүхээ дэлгэрүүлэн түгээхэд оршдог. Харамсалтай нь, манайхан иргэдийг бэл бэнчингээр нь өрсөлдүүлж, хандив мөнгө цуглуулан, 2-3 өдөр хавтгай найрладаг уламжлал бий болгоод удав...
Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгчээр мөрөөрөө явж байгаад л сайн дураараа “өрөнд орсон” түүнийг хүүхдүүд нь тал талаас нь зэмлэхэд “Насаараа амьдарсан сумдаа өгөлгүй яах вэ. Хүн болгон хандив, тусламж өгч байна. Нэрээ хичээх хэрэгтэй. Та нар ч боломж бололцоогоороо хэдэн төгрөг хандивла. Бүгд л энд төрж, өсөцгөөсөн. Өнөөх Баярын хүүхдүүд юу ч өгсөнгүй гэж ярих вий. Нутаг усандаа ээлтэй, хаялгатай байцгаа” хэмээн сургаал айлдаж, зандарчээ. Ингээд энэ айлынхан сумын 90, сургуулийн 80 жилийн ой давхацсан түүхэн баярын үйл ажиллагаанд нийт ес орчим сая төгрөг хандивласан байна.
Орон нутгийн удирдлагууд нь тэднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж, “Ахмад настан Баяр болон түүний үр хүүхдүүд төрөлх сумынхаа ойд есөн сая төгрөг хандивлалаа” гэсэн талархлын үг бүхий зурагтай мэдээллийг фэйсбүүкт нийтэлжээ. Нутаг усных нь хүмүүс тэдэнд талархаж, баяр бахдалын үг илгээгээд сүйд болсон аж. Ганц эднийх ч биш, тус сумд аж төрдөг олон айл үр хүүхэд, ач зээгийнхээ хамтаар ойн баярт хандив өргөжээ. Улстөрч, бизнесмэнүүд нь 20-100, уяач, “мянгатууд”, олон ам бүлтэй айлууд 1-10 сая, боломж нөхцөл тааруу нь 50-300 мянган төгрөг гээд хөгшин, залуу, чадалтай, чадалгүй бүгд л ойн баяртаа мөнгө илүүчилсэн гэнэ. Бог, бод тушаасан нь ч олон байв. Дээрээс нь сургуулийн ой гээд үе үеийн төгсөгчөөс хүчээр шахам мөнгө хураасан байгаа юм. Түүхэн ой угтсан хандивын арга хэмжээний хүрээнд тус сумд багаар бодоход 1-2 тэрбум төгрөг өлхөн цугларсан гэж орон нутгийн иргэд ярьж, тооцоолж буй. Хачирхалтай нь, сумын удирдлагууд энэ мөнгийг чухам юунд, хэрхэн зарцуулснаа ил тод тайлагналгүй нуун дарагдуулаад өнгөрчээ.
Хэн, хэчнээн төгрөг, мал, бараа, бүтээгдэхүүн хандивласныг нийгмийн сүлжээнд тун идэвхтэй бичиж байснаа данс тооцоо нийлэх болоход алга болчихсон гэх. Иргэдээс цуглуулсан хандиваар юу хийсэн бэ гэж зарим нь эрэл сурал болж, тайлан, тооцоогоо ил болгохыг шаардсан ч орон нутгийн удирдлагууд нь дүлий дүмбэ царайлсаар мартагнуулчихаж. Ийм явдал ганц энэ сумд тохиосон юм биш. Аймаг, сумд түүхэн ой тэмдэглэх нэрийн дор ийнхүү иргэдээ “холгож”, их хэмжээний мөнгө зувчуулдаг “моод” сүүлийн үед хаа сайгүй дэлгэрлээ. Үүнийг орон нутгийн иргэд хамгийн их өөгшүүлэн дэмжиж байна. Тэд нэгнийхээ дор орохгүй гэж нэрээ хичээхдээ, хүнээс дутуугүй амьдарч байгаа гэж харагдахын тулд “шинэ баян”-ы дүр эсгэж, чадал чинээнээсээ давсан мөнгө хандивлаж, хоорондоо өрсөлдөх болов. Боломжтой нь хурааж хуримтлуулсан хөрөнгөөсөө илүүчлээд, боломжгүй нь өр зээл тавин, мал хуйгаа худалдан борлуулаад ч болов аймаг, сумдаа хандив өргөдөг жишиг тогтож. Тэд үүнийг өөртөө ч, өрөөлд ч дарамт учруулж буй явдал гэдгийг ойлгодоггүй нь дэндүү харамсалтай. Ингэн байж өгсөн мөнгө нь элс рүү ус асгаж буй аятай ор сураггүй, хэний халаас руу орж байгаа нь тодорхойгүй алга болчихдогийг ухамсарладаггүй нь бүр ч харамсмаар. Тэтгэврийн насны хөгшин хүртэл өөртөө ахадсан ам гарч, үр хүүхдэдээ дарамт үүсгэж байгаагаас энэ бүхэн туйлдаа хүрснийг харж болно. Үүнийг баярхах дон гэхээс өөр юу гэх вэ.
Аймаг, сумуудын түүхэн ойн өдрүүд бас л баярхалын талбар болж хувирсан. Дориун хэмжээний хандив өргөсөн, морь, бөхийн бай шагнал даасан улс нэр алдраа дуудуулахын төлөө баярхацгаана. Нутагтаа олон жилийн хойно ирж буй, ангийн хамт олон, хамаатан садантайгаа удаан хугацааны дараа уулзаж байгаа нь өнгөтэй өөдтэй харагдахын тулд байдаг чадлаараа баярхаж, гоёно. Нэгэн танил минь “Хэдхэн хоногийн өмнө өвчин, зовлон яриад, мөнгө гуйж байсан хамаатны эгч аймгийн ойн баяр наадамд машин түрээслээд оччихсон, жигтэйхэн ганган “амьтан” явж байсныг яана” хэмээн ихэд гайхширан ярьж байлаа. Гэтэл өнөө цагийнхны бодит байдал ийм л болжээ. Төгсөлтийнхөө 20 жилийн уулзалтад очихын тулд банк бус санхүүгийн байгууллагын лизингээр хөл дүүжлэх унаа авсан нэгнийг мэдэх юм. Сумынхаа ойн баярт хандив өргөхийн тулд цөөнгүй тооны бог малаа зах зээлийн үнээс хямдаар борлуулсан малчин залуугийн тухай дууллаа. Ерөөс монголчуудад баярхах дон шүгэлчихэж гэлтэй. Түүхэн ойн баяр, төгсөлтийн уулзалт, хурим гээд бүх л арга хэмжээний үеэр энэ нь нэвт “цухалздаг” боллоо. Магадгүй зөвхөн энэ цагт ч биш, хэзээнээсээ ийм байсан нь нийгмийн сүлжээний ачаар сүүлийн үед ил болж байж ч магадгүй юм.
Өнөө жил таван аймгийн 100 жил, 43 сумын тэгш ой тохиож буй. Үүнийг угтсан хандив цуглуулах арга хэмжээ ид үргэлжилж байна. Хэнтий аймгийнхан “Хэнтий-100 жил” хэмээх цахим хуудас нээж, хандив өргөсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг алдаршуулан уралдуулаад сүйд. Сүүлийн хоёр өдрийн мэдээллийг нь шүүж үзэхэд л гурван аж ахуйн нэгж 10 гаруй сая төгрөг хандивлажээ. Завхан аймагт амьдардаг нэгэн найз минь “Аймгийн ой гээд төгсөлт болгонд нэг ажил даалгалаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Соёлын төвийн өрөө, танхимуудыг тохижуулж, эсвэл хэрэгтэй зүйлийг нь авч өгч болох юм байна. Манай ангийнхан сургуулийн зааланд сагсны онооны цахилгаан самбар суурилуулахаар боллоо. Цөөн хүүхэдтэй учраас нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдох бололтой. Боломжгүй гэлтэй биш, хэцүү юм” хэмээв.
Архангай аймаг гэхэд 100 жилийн ойн баярынхаа хүрээнд нэг сумаас 20 бог, 15 сая төгрөг авахаар болсон тухай мэдээлэл тархсан. Сум нь иргэдээсээ цуглуулсан хандиваасаа аймагтаа илүүчлэхээр болсон юм даг уу даа. Үүнд бухимдсан нэгэн иргэн “Аймаг, сумын 100 жил гээд нэг хүн давхар давхар хандив өргөх шаардлагатай боллоо. Нэмээд төгсөлт болгоноос, малчин бүрээс авах юм байна. Мянгат малчид доод тал нь нэг сая төгрөг өгөх бичигдээгүй хуультай гэнэ” хэмээжээ. Угтаа бол энэ нь заавал төлөх ёстой өр төлбөр биш, сайн дурын үндсэн дээр өгдөг зүйл юм. Ойн баярт оролцохгүй, хандив, тусламж өгөхгүй байх эрх нь ч иргэдэд нээлттэй. Гэтэл баярхуу, нэрэлхүү зандаа дийлдсэн нэг хэсэг нь бусдыгаа хөлдөө чирч, түүнд чирэгдсэн хэсэг бүлэгт тэр нь санхүүгийн дарамт болж очиж байна. Энэ байдлыг хөхиүлэн дэмжиж, “өрдөж” асаасан нь иргэд өөрсдөө юм. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр эргэж бууж буй нь энэ билээ.
Түүхэн ойн баярын утга учир нь угтаа тухайн нутаг орны хүмүүс ямар замыг туулж, өнөө цаг, одоогийн хөгжил дэвшилд хүрснийг алдаршуулан сурталчилж, үнэлж дүгнэн, өв соёл, үүх түүхээ дэлгэрүүлэн түгээхэд оршдог. Харамсалтай нь, манайхан иргэдийг бэл бэнчингээр нь өрсөлдүүлж, хандив мөнгө цуглуулан, 2-3 өдөр хавтгай найрладаг уламжлал бий болгоод удав. Мөн цуглуулсан хандиваараа яаруу сандруу, дутуу гуцуу ажлууд хийж, хүмүүсийн нүд хуурдаг жишиг тогтоосон. Хөшигний цаадах бодит байдлыг нээгээд харвал модон жорлон, шороон замаасаа салаагүй, социализмын үедээ “гацчихсан” аймаг, сум өнөө ч олон бий. Ийм байхад бид сая саяар нь хандив өргөж, сум, орон нутгийн хөгжил ярьж баярхаад яах вэ дээ. Дэндүү гунигтай биш гэж үү.
Бэлтгэсэн: Н.Мишээл