NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх “Майами хит”, “Бостон селтикс” багийн долоо дахь тоглолт энэ жилийн плей-оффын чимэг болж чадлаа. Учир нь Ж.Тэйтум тэргүүтэй “Бостон” цувралд 0:3-аар хожигдож байгаад харьцааг тэнцүүлснээр сүүлийн 73 жилийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн ердөө дөрөв дэх баг болов. Гэхдээ өмнөх гурван баг цувралын харьцааг тэнцүүлсэн ч ялж чадаагүй билээ. Харин энэ удаад бооцооны компаниуд “Бостон”-ыг уг тоглолтод ялж, улмаар 0:3-аар хожигдож байгаад хожсон NBA-ийн түүхэн дэх анхны баг болно гэдэгт баттай итгэж байв. Харин тэдний өрсөлдөгч “Майами” плей-оффт наймдугаар байраар гарсан ч финалд шалгарсан хоёр дахь баг боллоо. Ийм амжилтыг 1988-1989 оны улиралд “Нью-йорк” үзүүлж байсан юм.
ХОЁР ДАХЬ БОЛОМЖ
Үнэндээ “Бостон” гайхамшиг бүтээх дөхсөн. Тэд гурав дараалж хожигдсон ч зөрүүлээд гурав дараалж ялснаар шийдвэрлэх долоо дахь тоглолтыг талбайдаа хийх эрхтэй болсон юм. Тус багийн хөгжөөн дэмжигчид “TD Garden” ордныг пиг дүүргэж, лигийн анхдагч түүхэн амжилтыг нүдээр үзэхээр цуглажээ. Харамсалтай нь “Майами”-д өөр төлөвлөгөө байлаа. Ж.Батлер хэмээх супер одтой, драфтаар сонгогдоогүй олон тоглогч бүхий эл баг өөрсдөөс нь авьяас ур чадвараар илт илүү тоглогчид бүхий “Бостон”-ыг талбай дээр нь бут ниргэв. Эсрэг багийн лидер Ж.Тэйтум эхний үеийн эхэнд зүүн шагайгаа гэмтээж, зовиуртай тоглосоор 41 минутад ердөө 14 оноо авав. Нөгөө лидер Ж.Браун найман удаа бөмбөгөө алдсан (19 оноо) бол М.Смарт ч багтаа олигтой тус хүргэж чадалгүй дөнгөж есөн оноо цуглуулжээ. Тус багийн цөм гэгддэг эл гурван тоглогч нийлээд 42 оноо авсан нь үнэхээр хангалтгүй үзүүлэлт юм.
Ялагч багаас Ж.Батлер хамгийн олон оноо (28) авсан ч сэлгээний довтлогч К.Мартиныг онцлохгүй байхын аргагүй. Тэрбээр 26 оноо (16 шидэлтийн 11 оновчтой) авснаас гадна 10 удаа самбараас бөмбөг “шүүрчээ”. К.Мартин 2019 оны драфтад нэрээ өгсөн ч NBA-ийн багууд түүнийг сонгож аваагүй агаад эцэст нь “Шарлотт” багтай хувийн гэрээ байгуулсан юм. Тэрбээр уг багт хоёр улирал тоглож, 70 тоглолтод оролцсоны эцэст хасагдсаны дараа “Майами”-д ирсэн нэгэн. Чухам энэ багт ирсний ачаар К.Мартин өнөөдөр багийнхаа хамгийн чухал тоглогчдын нэг болж чаджээ. Тэрбээр эл цувралд 19.3 оноо дунджилсан нь “Хит”-ийн тоглогчдоос Ж.Батлер, эсрэг багаас Ж.Тэйтумын дараа орох шилдэг үзүүлэлт юм. Мөн бүсийн финалын MVP-ийн санал асуулгад Ж.Батлераас ердөө ганц саналаар (4 болон 5) дутсан.
Түүнээс гадна М.Струс (долоо дахь тоглолтод найман оноо, таван самбар), Г.Винсент (10 оноо, дөрвөн дамжуулалт), Д.Робинсон (10 оноо), Х.Хайсмит нарыг онцлох ёстой. Тэд бүгд драфтаас сонгогдоогүй ч дасгалжуулагч Э.Споэлстрагийн удирдлагад чухам хэн болохоо харуулж, “Хит”-ийн соёлын илэрхийлэл болж байна.
СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
- -“Майами” сүүлийн 17 жилд долоо дахь удаагаа финалд шалгарав. Энэ хугацаанд өөр ямар ч баг финалд ийм олон шалгараагүй. Тэд 2006, 2012, 2013 онд аваргалж, 2011, 2014, 2020 онд ялагджээ.
- -Багийн ерөнхийлөгч П.Райли аваргын 10 дахь цомоо өргөх боломжтой. Тэрбээр тоглогчийн хувиар нэг, дасгалжуулагчаар зургаа, менежерийн хувьд хоёр удаа лигийн аварга болсон. Түүнээс олон аварга авсан (11) цорын ганц хүн бол Б.Расселл.
- -Бүсийн финалд хамгийн их оноо авсан драфтлагдаагүй тоглогчийн дээд амжилтыг К.Мартин тогтоов. Тэрбээр “Бостон”-ы эсрэг долоон тоглолтод нийт 135 оноо авчээ. Өмнөх дээд амжилтыг (124 оноо) “Нью-Йорк”-ийн Ж.Старкс 1994 онд тогтоож байв.
- -“Миннесота”, “Кливлэнд” багийн супер од асан К.Лав NBA-ийн финалд тав дахиа шалгарлаа. Сонирхолтой нь тэрбээр таван удаа л плей-оффт тоглосон. Өөрөөр хэлбэл, түүний тоглосон баг плей-оффт шалгарсан л бол финалд заавал гардаг аж. Энэ жилийн плей-оффт тэрбээр 6.9 оноо, 5.8 самбараас бөмбөг авалт дунджилж байна.
- -Финалд энэ жилийн “Бүх оддын тоглолт”-од оролцсон хоёр тоглогч болох Н.Йокич, Б.Адебайо тулна. Финалд шалгарсан хоёр багаас ийм цөөн тоглогч “Оддын тоглолт”-од оролцсон тохиолдол ердөө хоёр удаа (1998, 2003) гарсан юм.
Бэлтгэсэн: Н.Энх