Боловсролын шинжээч, доктор О.Сийлэгмаатай тэтгэлгийн талаар ярилцлаа. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа олон зөрчил, доголдол илрүүлж, үүнийгээ холбогдох байгууллага, дээд албан тушаалтнууддаа удаа дараа асуудал болгож тавьсан нь бүтцийн өөрчлөлт гэх шалтгаанаар ажлаасаа халагдах нөхцөл болжээ. Гэсэн ч тэрбээр нийгэмд шударга ёс тогтоох, тусгай сантай холбоотой бугшмал асуудлуудыг ил болгох зорилгоор дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
-Хүмүүс таныг нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан “шүгэл үлээгч” гэж үнэлж байна. Эрсдэл үүрэн байж дуугарснаар юу өөрчлөгдөв?
-Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллүүд тодорхой хэмжээнд ил боллоо. Тус санд ажиллаж байх үедээ буюу 2022 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд энэ бүх мэдээллийг хуулийн дагуу ил болгооч ээ гэдэг шаардлагыг холбогдох хүмүүст тавьсан ч хүлээж аваагүй. Ил болгох боломжтой мэдээллийг хуулийн зөрчилдөөн гэдэг нэрийдлээр энэ оны гуравдугаар сар (“5Ш” ажиллагаа хэрэгжүүлтэл) хүртэл зориудаар нууцалсан. Гэтэл үүнд зөрчилдөөн байгаагүй. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил бий гэж хардаж байгаа. Шалтгаан нь Боловсролын зээлийн сангийн одоогийн удирдлага, БШУЯ-наас тэнд томилогдож очсон хоёр мэргэжилтэн, мөн яамны цөөнгүй хүн зээл, тэтгэлэгт хамрагдсан учир үүнтэй холбоотой мэдээллийг ил гаргах сонирхолгүй байсан болов уу. Хоёрдугаарт, зээл, тэтгэлгийн бүх мэдээллийг ил болгосон уу гэвэл үгүй. Хэдэн онд, хэнийг гадаадад сургахаар явуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Үүнээс болоод шийдвэрүүд нь тухайн үеийн тогтоол, журамд нийцэж байна уу гэдгийг харьцуулах, хянах боломж хязгаарлагдлаа.
О.СИЙЛЭГМАА: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна 1997-2020 оны хооронд гадаадад магистр, докторт суралцсан 1947 хүнээс 1800-гийнх нь мэдээллийг ил болгосон. Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах хөтөлбөрт 421 хүн хамрагдсан байтал мөн тэдний нэрийг гүйцэд оруулаагүй. Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцсан 700 гаруй хүний мэдээлэл бас байхгүй. Эдгээрийг бүрэн гүйцэд оруулахгүй байгаа нь тэнд (Боловсролын зээлийн сан) ажиллаж буй хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой болов уу. Зээл, тэтгэлгийг давхцуулж олгохгүй гэсэн зохицуулалттай атал аль алинд нь хамрагдсан, тэр ч бүү хэл, үргэлжлүүлээд хоёр удаа зээл авчихсан 100 гаруй хүн бий. Өнгөрсөн хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн мэдээллийг ил болгосон гэх боловч ийм зөрчлүүдийг хянах боломж бүрдүүлэлгүй, заримыг нь санаатайгаар орхигдуулжээ.
2013 ОНООС ХОЙШ ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГООГҮЙ
-Гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй 230 хүн бий. Үүнээс болж улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг нь мөсөн уулын орой төдий тоо байх нь ээ?
-Өртэй гэгдэх 230 хүний мэдээллийг хянаад үзэхээр 2013 он хүртэлх хугацаанд зээл авсан иргэд байгаа юм. Үүнээс хойших 10 жилийн мэдээлэл хаачсан бэ. 2013 оноос хойш зээлээр суралцсан хүмүүс гэрээний үүргээ биелүүлж буй, эсэхэд хэн хяналт тавьж байна вэ. Энэ бүхэн тодорхойгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд 230 хүнд холбогдох зээлийн талаар анх ярихдаа тэднийг 10 тэрбумын хохирол учруулсан гэсэн. Дараа нь 14, 27 тэрбум гэдэг тоо хэлсэн байдаг. Мөн зээлээс чөлөөлсөн хүний тоог 921, 894, 890 гэхчлэн зөрүүтэй мэдээлсэн. Бүх дата нь энэ мэтээр зөрж буй. Эдгээрийн аль нь үнэн, зөв юм бэ гэдэг нь олон нийтэд эргэлзээ үүсгэсээр. Хуулиараа бол мэдээллийг үнэн, зөв, гурван хоног тутам шинэчлэн байршуулах ёстой юм билээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй байна.
Боловсролын зээлийн сан болон яамны цахим хуудсанд зээл чөлөөлсөнтэй холбоотой мэдээлэл огт байдаггүй. Намайг Боловсролын зээлийн санд ажиллаж байх үе хүртэл зээл чөлөөлөлттэй холбоотой сайдын 15 удаагийн тушаал, Засгийн газрын хоёр тогтоол гарсан байдаг. Сайдын тушаалаар 21 сая гаруй ам.долларын зээл тэглэсэн буюу чөлөөлсөн. Энэ бол хамгийн ноцтой зөрчил. 2011 оноос хэрэгжүүлж буй Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл боловсролын асуудал эрхэлсэн сайд нар үүнийг зөрчин тушаал гаргаж ирсэн. Хуулиас давсан журам, шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь үе үеийн сайд нарыг албан тушаалын хэрэгт буруутгах үндэслэл болж байна. Гэрээний үүргээ яг таг биелүүлсэн хүмүүсийг чөлөөлсөн үү гээд харахаар бас үгүй. Жишээлбэл, Боловсролын зээлийн сангийн одоогийн удирдлага болох Д.Гарди, Г.Батнэмэх нар хоёулаа БШУЯ-нд ажиллаж байсан, мөн Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурсан. Гэхдээ хоёулаа зээлээ хууль бусаар чөлөөлүүлсэн. Ийм хүмүүсийг 2022 онд яамнаас Боловсролын зээлийн сан руу илгээсэн нь магадгүй намайг “явуулах” зорилготой байсан болов уу. Би 2021 оноос эхлээд зээл, тэтгэлэгтэй холбоотой зөрчлийн асуудлаар яаманд удаа дараа хандаж байв. “Хууль мөрдөхөд дэмжлэг үзүүлээч ээ” гэсэн албан тоот ч хүргүүлсэн.
Д.Гардийн хувьд 2014 оноос ОХУ-д олон улсын харилцааны мэргэжилтнээр суралцсан. Түүний суралцсан чиглэл нь тэргүүлэх мэргэжил биш. БШУЯ-нд таван жил ажиллаад, Боловсролын зээлийн сан руу томилогдсоных нь дараа яамнаас зээлийг нь чөлөөлсөн байдаг. Үүнийхээ барьцааг өөрөө суллачихсан. Г.Батнэмэх 2009 онд АНУ руу хоёр жилээр явсан. Ирээд гурван жил болоод л зээлээ чөлөөлүүлчихсэн. Зээл чөлөөлөлт бол тэр чигээрээ зөрчил. 21 сая ам.доллар бага мөнгө биш.
-Зээл, тэтгэлэгтэй холбоотой зөрчил, алдаа завхралуудыг хүлээн зөвшөөрөхгүй, нуун дарагдуулж байгаа учир хулгай үргэлжлэхгүй гэх баталгаа алга. Та үүнтэй санал нийлэх үү?
-Одоо ч үргэлжилсээр байна. Зөвхөн 2022 онд гаргасан томоохон зөрчлүүдээс дурдъя. Төгсөгчид зээлээ чөлөөлүүлэхдээ эхлээд Боловсролын зээлийн санд өргөдөл гаргадаг. Бид түүнийг нь яам руу илгээх үүрэгтэй. Гэтэл бидний явуулсан мэдээлэл дунд нэр нь байхгүй хүмүүсийн зээлийг өнгөрсөн оны зургадугаар сарын 200 тоот тушаалаар чөлөөлсөн. Мөн тэдний дунд тушаал, мэргэжил нь зөрүүтэй хүмүүс ч байсан. Англид мэдээллийн технологийн чиглэлээр сургахаар явуултал олон улсын харилцаагаар зургаан жил сурчихсан, ЭСЯ-нд ажилладаг бололтой нэг хүний зээлийг чөлөөлүүлэхээр хандахад нь татгалзаж байлаа. Зөвхөн 2021 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд өргөдөл ирүүлсэн 300-гаад төгсөгчийн мэдээллийг хянахад 42 нь тушаал зөрчиж сурсан байсан. Ийм тохиолдолд зээлээс чөлөөлөх үндэслэлгүй шүү дээ.
Мөн сонгон шалгаруулалтын цаана хамгийн том зөрчлүүд байдаг. БШУЯ 2010-2020 онд 421 хүүхдийг дэлхийн шилдэг их сургуульд зээлээр сургасан. Тэдгээрийг тэргүүлэх мэргэжил, шилдэг сургуульд сурсан уу гэсэн хоёрхон үзүүлэлтээр шүүхэд л 93 хувь нь зөрчилтэй байх жишээтэй. Зарим нь бүр хэлний курсэд сурчихсан байв. Магистр, докторуудын суралцсан мэргэжил тэргүүлэх чиглэлд багтаж байна уу гээд аваад үзэхээр бас л 80-аад хувь нь зөрчилтэй. Сонгон шалгаруулалтын ард ийм асуудал байдаг нь мэдээлэл нээлттэй байдаггүйтэй холбоотой. Уг нь Шилэн дансны, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, удирдамж, үнэлэх арга зүй ил байх ёстой. Гэтэл 2023 оны Ерөнхий сайдын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын удирдамж нь ч алга, ажлын хэсэгт хэн, хэн багтсан нь ч тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт ч ийм зөрчил бий. Журамд зааснаар бол тус тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт 11 хүн байх ёстой. Гэтэл 2022 оны шалгаруулалтад 10 хүн ажилласан. Хоёр удаа ажлын хэсэг байгуулсан. Эхлээд журамд заасны дагуу төрийн бус байгууллагын төлөөллийг багтаагаад 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Дараа нь БШУЯ, ШУТИС, МУИС-ийнхныг оролцуулаад 10 хүнтэй ажлын хэсэг бүрдүүлсэн. Тэд бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг сонгон шалгаруулах, гадаад руу хуваарилж явуулах ёстой байсан ч энэ ажлаа хийгээгүй. Д.Гардийн удирдлагаар тус сангийн гурван мэргэжилтэн үүнийг гүйцэтгэсэн. Тэд сонгон шалгаруулах удирдамжаа гаргаагүй. Би тухайн үед удирдамжийг нь нэхээд ч олж авч чадаагүй.
НЭХЭМЖЛЭЛД НЭР НЬ БАЙХГҮЙ ХҮНД МӨНГӨ ОЛГОСОН ТОХИОЛДОЛ БИЙ
-Боловсролын зээлийн сангийн цахим хуудсанд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сурч буй 166 оюутны нэрийг оруулсан байсан шүү дээ. 251 гэдэг тоо хаанаас гарч ирэв?
-Жагсаалтаас харахад 251 байсан. Дахиж шинэчилсэн байж ч магадгүй. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хувьд эхлээд бэлтгэл хөтөлбөрт хамруулж, дотоодод сургаж буй. Ikon.mn сайтад эхлээд 428 хүүхдийн мэдээллийг нийтэлсэн. Гэтэл Боловсролын үнэлгээний төвийнхөн 415 гэж мэдээлсэн байдаг. Хүүхдүүдийг шалгаруулаад МУИС, ШУТИС-д хэлний бэлтгэлд хамруулсны дараа тухайн хоёр сургууль 403 хүүхдийн төлбөрийг Боловсролын зээлийн сангаас нэхэмжилсэн. Тоонууд нь энэ мэтчилэн зөрдөг. Тусгай сан бол Сийлэгмаад 2000, Долгорт 3000 ам.доллар олгоно гэвэл яг л тэр хэмжээгээр нь өгдөг. Гэтэл суралцагчдыг бэлтгэл хөтөлбөрт хамруулах нэрийдлээр 1.4 тэрбум төгрөг авчихаад, түүнийгээ ном ёсоор нь хуваарилаагүй. Сийлэгмаад 2000 биш, 3000, Долгорт 3000 биш, 1000 ам.доллар олгосон гэсэн үг. Түүнээс гадна нэхэмжлэлд нэр нь байхгүй хэн нэгнийг оруулж ирээд, мөнгө өгчихсөн тохиолдол ч бий.
-Ийм зөрчил үнэхээр гарсан гэж үү?
-Би энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Боловсролын зээлийн сангийн удирдлага, бэлтгэл хөтөлбөрт хамруулсан хоёр сургууль гээд хандаагүй хүн, газар үгүй. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хувьд зөвхөн Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчсөнтэй холбоотой 476 сая төгрөгийн дотоод зөрчил бий. Үүнийг өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Д.Гардид анхааруулсан. Дараа нь БШУЯ, ЗГХЭГ-т хүртэл хандаж байлаа.
Өнөөх 451 хүүхдээс МУИС, ШУТИС-д элсэн суралцсан нь 351. Үүнээс хэд нь IELTS-ын оноо авсан, хэчнээн нь төгссөн бэ гэдэг мэдээлэл бас байхгүй. Хэнийг Засгийн газар хоорондын тэтгэлгээр, хэдэн хүүхдийг дэлхийн шилдэгт сургаж буй нь ч тодорхойгүй. Ингэснээрээ тэтгэлгийн журмын хэрэгжилтийг үнэлж, хяналт тавих боломжгүй болгож байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр гадаад руу явуулсан хүүхдийн тоог 251, 230, 166 гэхчлэн зөрүүтэй мэдээлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй. Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гарди Төрийн бодлого байхад журам ямар хамаатай юм бэ” гэсэн тайлбар өгсөн. Уг нь бодлогыг хэрэгжүүлэх гэж журам байдаг шүү дээ.
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 31 хүний дунд гэхэд IELTS-ын 6.5 оноотой суралцагч бий. Журмаараа бол долоогоос дээш оноотой хүнийг тэнцүүлэх ёстой. Хэлний онооны баталгаажсан хуудасгүй гурван хүнийг мөн тэнцүүлсэн. Хэлний оноонд хүрээгүй нийт дөрвөн хүн байсан гэсэн үг. Хоёр дахь удаагаа магистрт сурч байгаа хүнийг тэтгэлэгт хамруулахгүй гэсэн журмаа зөрчөөд, гурван суралцагчийг шалгаруулсан. Бакалаврт суралцахдаа зээл авсан хоёр хүнийг Боловсролын зээлийн сангийнхан мэдсээр байж үүнд хамруулсан. Зөвхөн журмын шалгуур харгалзахад л ийм олон зөрчил илэрч байна. Тэргүүлэх мэргэжил харгалзвал бүр ч нэмэгдэнэ.
-Хүмүүс тэтгэлгийн асуудал цэгцэрчихсэн юм шиг, зөрчил дутагдлуудыг нь нэг сайн илчилж аваад, зөв голдиролд нь оруулчихсан аятай ярьж байна. Гэтэл энэ бүхэн хэлбэрээ өөрчлөөд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр одоо чүргэлжилж буй байх нь ээ?
-Тийм. Хүний нөөцөд, ялангуяа боловсролд хөрөнгө оруулах нь зөв. Энэ үүднээсээ тэтгэлэг олгох санаачилгыг буруутгах аргагүй. Харин үүнийг хэрэгжүүлэх шатанд өмнөх бүлэглэлийн ажиллагаа байсаар байна. Одоо ч үргэлжилсээр. Би ажиллах хугацаандаа зээл үргэлжлүүлэн авах хүсэлт гаргасан 50-иад хүүхдийн материалыг хянаад, 29-д нь олгохоор байсан нэг тэрбум төгрөгийн зээлийг түдгэлзүүлсэн. Муу сурсан, өмнө нь илүү мөнгө авсан, тодорхойгүй чиглэлээр суралцаж буй гэх зэрэг илт зөрчилтэй байсан учир татгалзсан. Гэтэл намайг ажлаас гарсны дараа тэдний олонход нь зээл олгочихсон бололтой. Баттай хоёр тохиолдол бий. Жишээ нь, УИХ-ын Төсвийн байнгын хорооны нарийн бичгийн даргын Англид сурдаг хүүхдэд их сургуулийнхаас гадна коллежийн төлбөр, ханшийн зөрүү мөнгө олгочихсон байсан. Хоёр дахь жилдээ зээл авахаар хандахад нь “Зөвхөн их сургуулийнх нь төлбөрийг өгье. Өмнө нь илүү авсан мөнгийг дараа жилээс суутгая” гээд тайлбар хэлтэл 2022 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд Боловсролын зээлийн санд миний нэр дээр таван удаа өргөдөл ирүүлсэн. Мөн яаманд ч удаа дараа хандсан байдаг. Гэтэл тухайн жилийн есдүгээр сард өнөөх хүүхдэд зээл олгочихсон байсан. Хаанаасаа хаалгач гэдэг энэ байх. Ийм зөрчил зогсохгүй юм билээ. Тэдгээр 29 хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эцэг, эх нь хэн бэ гээд судалбал үнэхээр гомдмоор. Даргын хүүхэд тэтгэлэгт хамрагдаж болохгүй юу гээд хүний эрхийн асуудал хөнддөг. Хэний хүүхэд явах нь хамаагүй гэдэг. Гэтэл тэдний хүүхдүүдийн сурч байгаа сургууль, мэргэжил ихэнхдээ журам зөрчсөн байдаг. Журам зөрчиж сурсан хүүхэд зээлээ эргүүлж төлөх үү.
ХИЛИЙН ДЭЭС АЛХАЖ Ч ҮЗЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗӨНД НЬ ХАЯСАН
-Боловсролын зээлийн сан тэтгэлгээр суралцагчидтай гэрээ байгуулалгүй 2022 онд их хэмжээний мөнгө олгосон гэх мэдээлэл бий. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын тэтгэлгээр 2022 оны есдүгээр сараас 2023 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд буюу энэ хичээлийн жилд гадаадад суралцахаар явсан хүүхдүүдтэй гэрээ байгуулалгүй мөнгө шилжүүлсэн. Тэтгэлгийн журам ёсоор бол Боловсролын зээлийн сан, аймгийн Засаг дарга, суралцагч гурав хамтарсан гэрээ байгуулах ёстой. Зээл ч биш, бүр тэтгэлэг шүү дээ. Ямар нэгэн барьцаагүй мөнгө өгч байгаа учраас хариуцлагын гэрээ заавал байгуулах ёстой. АТГ, Үндэсний аудитын газар үүнийг 2023 оны эхээр шалгаад илрүүлчихээр л гэрээгээ нөхөж байгуулахаар болсон юм билээ. Журмын зөрчилтэй, тэгээд дээр нь гэрээ хийгээгүй хүмүүс мөнгөө буцааж төлөх үү, үүргээ биелүүлэх үү.
-Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцаж буй хүүхдүүдэд стипенд олгоно гэчихээд хугацаанд нь өгөлгүй бас бөөн төвөг чирэгдэл учруулсан асуудал гарсан.
-Засгийн газар хоорондын тэтгэлгээр Польшид суралцаж буй оюутан хэвлэлд энэ талаар ярилцлага өгсөн байсан. Энэ төрлийн тэтгэлгээр суралцагчид хувийн дансаараа мөнгө авдаггүй. Үүнийг ЭСЯ-аар л дамжуулж олгодог. Хувийн данс руу нь мөнгө шилжүүлбэл Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зөрчсөн болно. Стипенд авах хүүхдүүдийнхээ мэдээллийг тухайн улсын ЭСЯ руу явуулдаг. Тэр сургуульд сурдаг суралцагчид төдөн ам.доллар олгоно гэхчлэн. ЭСЯ энэ хуваарилалтын дагуу мөнгийг нь шилжүүлчихээд, бидэнд дансны хуулга явуулдаг юм. Ийм хяналтыг бид 2021 оноос эхлүүлсэн. Сангийн яам, ГХЯ хамтраад дөрвөн жил тутамд сарын стипендийн хувь хэмжээг тогтоодог юм билээ. Сурлагын амжилтаас хамаараад хавар, намрынхыг нь ялгаатайгаар, жилд хоёр удаа олгодог. Энэ дунд бас “но”, зөрчил багагүй гардаг. Стипенд авсан хүүхдүүдийн дунд ЭСЯ-ны ажилчдын нэрс орсон тохиолдол ч бий.
-Хамгийн гол нь хүүхдүүдэд стипендийн талаар тодорхой мэдээлэл өгөлгүй явуулчихсан юм билээ. Үүнээс болоод оюутнуудын зарим нь хүнд байдалд орсон.
-Тийм асуудал үүссэн. Ажлын хэсгийнхэн оюутнуудад энэ талаар мэдээлэл өгөх ёстой. Гэрээ байгуулаагүй учраас чадаагүй байх. Хоёрдугаарт, бодлого нэрээр зарим хүүхдийг гадаад руу хүчээр явуулсан байж ч магадгүй. “Миний явахыг хүссэн сургууль, сонирхсон мэргэжлийн минь хуваарь энэ улсад алга” гэдэг гомдол нэлээд сонсогдсон.
Уг нь санхүүжилтээ хэзээ, хаана олгох, гадаадад очоод хэрхэх тухай зөвлөгөө, мэдээллийг хүүхдүүдэд өгөх нь Боловсролын зээлийн сангийнхны үүрэг. Үүнийгээ биелүүлээгүй. Түүнчлэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу ЭСЯ-д тухайн улсад Засгийн газрын гэрээгээр суралцагсдын асуудалд санаа тавих ёстой. Тэр байтугай Боловсролын зээлийн сан ЭСЯ-аар дамжуулж суралцагчдын дүнгийн мэдээллийг авдаг. Тэгэхээр аль аль тал нь буруутай, үүргээ биелүүлээгүй. Намайг Боловсролын зээлийн санд ажиллаж байхад Ерөнхийлөгчийн тэтгэлгийн асуудалд ер “ойртуулдаггүй” байсан. Боломжийнхоо хэрээр ганц, хоёр хүүхдэд л мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Бодлого гэдэг нэрийн дор пиардаад л байсан, бодит байдалд хилийн дээс ч алхаж үзээгүй, дөнгөж ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийг зөнд нь орхисноос ялгаагүй хаясан.
Би стипендийн асуудал дээр Д.Гардитай санал зөрж байлаа. “Манай улсын эдийн засаг хүнд. Тиймээс бүх зардлыг нь даах боломжгүй. Амьжиргааг нь тэр чигт нь хариуцна гэхээр 13 төрлийн үйл ажиллагааны зардал багтана. Сургалтын төлбөр болон дотуур байр, эрүүл мэндийн зардлыг нь л хариуцъя” гэж санал хэлсэн. Гэтэл 2022 оны есдүгээр сард баталсан журамд дотуур байр, сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн зардлыг нь хариуцна гэж тусгасан. Гэрээ хийгээгүй тулдаа л энэ мөнгийг олгоогүй байх.
ШИЛДЭГ СУРГУУЛИУД ХЭДИЙГ НЭХЭМЖИЛНЭ, ТҮҮНИЙГ НЬ ӨГДӨГ
-Ийм их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан байж хэрэгжүүлж байгаагийнх хууль, журмаа ягштал мөрдөх ёстой байлтай.
-Дэлхийн шилдэг урч буй, Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдаж байгаа, эсэхээс үл хамаараад бүх хүүхдийн амьжиргааны зардлыг хариуцахаар журамласан. Америк, Австралид суралцах жилийн сургалтын төлбөр дунджаар 90, амьжиргааны зардал багадаа 15 мянган ам.доллар гэж бодъё. Үүн дээр эрүүл мэндийн даатгал, номын сангийн төлбөр гээд бусад зардал ч нэмэгдэнэ. Ингээд тооцохоор нэг хүүхдэд жилд багагүй хэмжээний мөнгө олгох болно. Энэ бүхнийг улсынхаа эдийн засаг, төсвийн потенциалтай холбож тооцохгүйгээр “Амьжиргааны бүх зардлыг нь даана” гэсэн нь алдаатай шийдвэр. Ингэж болдоггүй л юм даа. Тэд мэргэжлийн бус хүмүүс учраас үүнийг төсөвт ямар хэмжээний дарамт учруулахыг мэдэхгүй байна.
-Өнгөрсөн хугацаанд 250 мянган ам.доллароос дээш хэмжээний зээлийг 20 хүнд олгосон гэлээ. Нэг суралцагчид төдөн төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн квот байдаг уу?
-Магистр, докторын түвшний суралцагсдад улиралд 4000 гэж тооцон жилд 16 000 ам.долларын зээл олгоно гэсэн квотыг аль 1997 оны үед л тогтоосон юм билээ. Үүнээс хойших бичиг баримтуудыг шүүж үзэхээр огт өөрчлөөгүй байсан. Эл квотын дагуу магистрт хоёр жил суралцах хүнд 32, докторт бол 48 мянган ам.доллар гэх мэтээр хуваарилж ирсэн. Зарим нь “Гадаадад суралцахад ийм хэмжээний мөнгө юу ч болохгүй” гэх байх. Гэтэл энэ нь манай улсын эдийн засгийн потенциалтай харьцуулахад их тоо шүү дээ. Нөгөө талаасаа суралцагчдад дэмжлэг үзүүлэх ёстойгоос биш, сургалтын төлбөрийг нь 100 хувь хариуцах ч ёсгүй. Үндсэндээ магистр, докторт суралцагсдад олгох зээлийн хэмжээг огт өөрчлөлгүй байсаар саяхнаас зогсоосон. Харин дэлхийн шилдэг сургуульд суралцагсдын хувьд сургалтын төлбөрт хэдийг нэхэмжилнэ, түүнийг нь өгдөг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдэг сургуульд сурсан 421 хүний мэдээллээс харахад 200 мянгаас дээш ам.долларын зээл авсан 30-аад тохиолдол байсан. Хамгийн дээд тал нь дөрвөн жилд 289 мянган ам.доллар (одоогийн ханшаар 1.3 тэрбум төгрөг) авсан байх жишээтэй. Үүнийг бас нягталж үзмээр санагддаг юм.