УИХ-ын нэр бүхий гишүүд хэд хоногийн өмнө зах, хүнсний төвүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцсан. Улмаар тэдний хэвлэлд өгсөн мэдээлэл шүүмжлэлд өртөөд буй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судалж, зах худалдааны төвүүдэд ажилласныг мэдээллийн сайтууд онцолжээ.
Тэнгэрээс буусан хүмүүс, харь гаригийнхан гэсэн сэтгэгдлүүд олон уншлаа. Би чинь хөдөөнөөс сонгогдсон гишүүний хувьд мал махны үнэ ханш энэ тэрийг гадарлалгүй яах вэ. Хэдэн жилийн өмнө иргэдийнхээ яриаг сонсох гэж “таксинд” хүртэл явж байсныг зарим нь санаж байгаа байх. Тэр үеэс л байнгын хороо, УИХ, Засгийн газар дээрээ ажилгүйдэл, архидалт, ядуурлаа яриад илүү олуулаа бодитоор шийдлээ гаргасан бол өдийд үнийн өсөлт ийм дээрээ тулахаа ч үү, үгүй ч үү.
Миний хувьд сонгогдсон цагаасаа ЖДҮ, мал, мах, “Шинэ хөдөө”, ажлын байр, ядуурлыг бууруулах талаар ярьсаар өдий хүрсэн. Уг нь би чинь автын инженер тээврийн салбарын хүн шүү дээ. Гэтэл одоо ярьдаг зүйл маань ХАА, үйлдвэрлэл болсон.
Төрийн бодлогын хувьд би ч бухимдалтай байна. Саяхан “Тариаланчдын улсын зөвлөгөөн” зохион байгуулж, 2023 оныг ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ гэж зарлан, өндөр зардалтай, сүржин хурал зохион байгуулсан. Хэдхэн хоногийн дараа яав. Хаврын тариалалтад төрөөс шатахууны дэмжлэг үзүүлэхгүй гээд зарлачихсан. Ирэх намар улаан буудайн үнэ дахиад ч өсөх нөхцөл бий болгочихлоо. Энэ бол наад захын жишээ.
Тиймээс энэ удаа захаар явсан нь иргэд, ААН-үүд, инпортлогчид, ченжүүд, худалдаачидтай санал солилцсоны үндсэн дээр бодит байдлыг УИХ, Засгийн газарт танилцуулж, шийдэл гаргахыг зорьсон хэрэг. Аа тэр заригийн мэдээний хувьд бичлэгийг нь бүрэн үзээрэй. Сардаа 2-3 удаа 200 гаруй мянгаар хүнсээ цуглуулдаг гэж хэлсэн байна лээ шүү" гэжээ.