Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 45 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтсан олон арга хэмжээний нэг нь “Найрамдал-Аз жаргалын хотхон” уран бүтээлийн уралдаан юм. Энэхүү уралдааныг тус цогцолбор Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран улсын хэмжээнд уран зураг, гар урлалын төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Уралдаанд Дорнод, Увс аймаг, нийслэлийн 50 гаруй сургуулийн хүүхдүүд нийт 250 орчим бүтээл ирүүлжээ. Тэднээс шилдэг 44 бүтээлийг шалгаруулсан байна. Тухайлбал, уран зургийн төрөлд гран при шагналыг нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн сурагч Ө.Болорцэцэг, 87 дугаар сургуулийн Б.Отгонбаатар, хоёрдугаар сургуулийн Б.Дэвамаа нар хүртэв. Гар урлалынхад 14 дүгээр сургуулийн сурагч Т.Сондор, 118 дугаар сургуулийн М.Уранчимэг нар шалгарчээ. Уралдааны шагналтан хүүхдүүдийг “Найрамдал” цогцолборт 2023 оны зун, өвлийн ээлжид амрах эрхийн бичгээр урамшуулжээ.
“Найрамдал-Аз жаргалын хотхон” уралдааны бүтээлүүдээр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд үзэсгэлэн дэлгээд буй бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Э.Хана