Соёлын Яамны галерейд Монгол Улсын Ардын Зураач, Төрийн Соёрхолт До. Болдын “Бүтээл” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. До.Болд бага наснаасаа зурах сонирхолдоо хөтлөгдөн зургийн дугуйланд суралцаж байгаад 1971 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн, 1977 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэжээ.
Тэрбээр аж байдал, хөрөг, түүхийн сэдвээр гол төлөв бүтээж, эх орондоо болон хилийн чанадад зохион байгуулагддаг Монголын дүрслэх урлагийн бүхий л үзэсгэлэнд тогтмол идэвхтэй оролцдог ба улс орныхоо түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойн баярт зориулсан уран бүтээлийн уралдаанууд болон гадаадын нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд толилуулсан олон сайхан зургууд нь үзэгч олны талархлыг хүлээж, шагнал урамшил хүртсэн нь цөөнгүй.
Зураач До. Болдын бүтээлүүдийг ерөнхийд нь реализм, абстракционизм гэсэн хоёр хэв маягт хамруулж болох ч янз бүрийн арга ажиллагааг хослуулсан, өвөрмөц содон найрамжтай өнгөөр тоглох уран зургууд нь дорнын соёл, гүн бясалгал, сэтгэлийн хөөрлөө шингээсэн тансаг илэрхийллээрээ гайхуулдаг.
Уйгагүй эрэл хайгуул, туршилтаараа абстракционизмд хүрсэн түүний өөрийн үзэл бодол, дурсамж, мөрөөдлөөс эхлээд байгаль дэлхий, хүн төрөлхтний түүх, намтрыг хамарсан өргөн сэдэвт зохиомжууд зургийн хавтгай дээр өнгөөс өнгөд шилжин хувирах, талсжин алаглах геометрийн дүрсүүдээр илэрдэг. Алтлаг, мөнгөлгөөр туяаран гялалзах хийгээд хүйтэн хүнд, бараан өнгөөр чуулах тэрхүү янз бүрийн өнцөгтүүд нь хүмүүний ертөнцийн өгсөж, уруудах баялаг амьдралын баяртай болон гунигтай үзэгдэл юмс, хүсэл эрмэлзлэлийн гэнэтийн огцом, эсвэл уянгат зөөлөн байдлыг төлөөлөх аж.
Эдүгээ До. Болд зураачийн 20 гаруй бүтээл Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орсон төдийгүй Ази, Европ, Америк тивийн олон улс орнуудын галерей, урлаг сонирхогчдын хувийн цуглуулгад хүндтэй байрыг эзэлсэн байна.