Үндэсний сэтгүүл зүйн 110, төмөр замчдын төв хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ой өчигдөр тохиолоо. “Ган зам” сонины ойг үндэсний сэтгүүл зүйн баяртай хамтатган тэмдэглэсэн нь учиртай. Тодруулбал, 110 жилийн өмнө “Шинэ толь хэмээх бичиг” хэмээх манай улсын анхны сониныг хэвлэсэн бар, тоног төхөөрөмж “Ган зам” сонины хэвлэх үйлдвэрт хадгалаатай байдаг аж. Ийм учраас сэтгүүл зүйн салбарын анхдагч хэмээн үзэж ойг нэгтгэн тэмдэглэв. Түүнчлэн хэвлэлийн анхдагч байгууллагын батламж гардуулсан билээ. Түүнчлэн Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь бүтээхээр ажлын хэсэг байгуулснаа энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар дуулгасан. Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ ойг тохиолдуулан “Үзэг нэгт, үйлс нэгт, амь нэгт, амьдрал нэгт та бүхэндээ баярын мэнд хүргэе. Амьд явбал, алтан аяганаас ус ууна гэж яасан үнэн бэ. Би 90 насны ойгоос хойш 14 хоногийн дараа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Хэрвээ 90 нас гараад тав хоноод өнгөрсөн бол ийм хүндтэй шагнал авахгүй байлаа. Тиймээс амьд байх нэг хоног гэдэг ямар үнэ цэнтэйг өөрийн амьдралаар үзсэн. Тиймээс сэтгүүлч та бүхэн Монголын ард түмний амийг хамгаалж, урт настай удаан жаргалтай байлгахын төлөө үгээ бичээрэй, нэгдээрэй. Өнөөдөр 110 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь явдал нь Монголын ард түмэн үндэсний сэтгүүл зүй, сэтгүүлчдийн мэдээллийн ачаар төдийгөөс өдий хүртэл аз жаргалтай амьдарсны гэрч юм. Сэтгүүлчид эхлээд өөрсдөө эрүүл энх урт удаа наслаарай, хоёрдугаарт ард түмнийхээ төлөө нэгэн амьдралаа зориулаарай. Та бүхний алба 60 хүрээд тэтгэвэрт гардаг алба биш шүү” гэсэн юм.