“Итали дахь дэлхийн урлаг” академиас соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэд, уран бүтээлчдэд Менелаогийн нэрэмжит олон улсын урлагийн шагнал олгодог. Өнөө жилийн шагналыг монгол зураач А.Чадраабал хүртжээ. Тэрбээр Монгол Улсаас анх удаа уг шагналыг хүртсэн зураач боллоо. Түүний “Infinity source” цуврал уран бүтээлийг ийнхүү үнэлсэн аж. А.Чадраабалын элцуврал бүтээл өнгөрсөн арваннэгдүгээр сард Ром хотод зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцсон юм. Энэхүү үзэсгэлэнд 100 гаруй орны уран бүтээлчдээс шилдэг 15-ыг нь шалгаруулан, оролцуулжээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Францын Парис хотын Луврын музейн дэргэдэх “Carrousel du Louvre” уран зургийн галерейд зохион байгуулсан, олон улсын 30 дахь удаагийн үзэсгэлэнд “Хөх морьд” цуврал бүтээлээ дэлгэсэн байна. Ташрамд дурдахад, Спартакийн хаан Менелаогийн нэрээр нэрлэсэн олон улсын шагналыг өмнө нь Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нарын алдартан хүртэж байжээ.
Бэлтгэсэн А.Тайшир